ФИФА 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр тоглолтын шилдэг тоглогчийн шагналыг зарим тохиолдолд архины брэндийн нэргүйгээр гардуулж байна. Morocco World News-ийн мэдээлснээр, энэ өөрчлөлт нь лалын шашинтай тоглогчдын шашны итгэл үнэмшлийг харгалзсантай холбоотой юм.
Тэмцээний албан ёсны шилдэг тоглогчийн шагнал Michelob Ultra Superior Player of the Match нэртэй. Уг шагналыг 2025 оны арванхоёрдугаар сард танилцуулсан бөгөөд ивээн тэтгэгчээр шар айрагны Michelob Ultra брэнд оролцдог.
Гэсэн ч лалын шашинтай тоглогчдод шагналыг Superior Player of the Match гэсэн нэрээр, ивээн тэтгэгчийн хэсгийг хассан байдлаар олгож байна. Мөн ийм тоглогчдыг ФИФА-гийн лого бүхий төвийг сахисан фоны өмнө зураг авч байгаа аж.
Ийм хувилбарын шагнал авсан тоглогчдын дунд Мароккогийн Исмаэль Сайбари, Египетийн Эмам Ашур, Йорданы Али Олван, Ираны Рамин Резаэян, Алиреза Бейранванд, Катарын хаалгач Махмуд Абунада болон Кот-д’Ивуарын Ян Диоманде нар багтжээ.
Шашны итгэл үнэмшлийг харгалзсан журам
ФИФА-гийн төлөөлөгчийн тайлбарласнаар, брэндгүй шагнал болон төвийг сахисан фон нь тоглогчийн хүсэлтээр ашиглагддаг. Байгууллага ийм зохицуулалтыг шашны итгэл үнэмшлийг хүндэтгэх зорилготой гэж тайлбарласан байна.
Мөн архи хэрэглэхийг хуулиар зөвшөөрөх насанд хүрээгүй тоглогчдод ижил зарчим үйлчилдэг. Ийм тохиолдолд ч архины брэндийн нэр, дүрслэлгүй шагнал болон фон ашигладаг аж.
Өмнө нь ийм асуудал ДАШТ-ийн үеэр гарч байсан. 2018 оны дэлхийн аваргад Египетийн шигшээ багийн хоёр тоглогч, тэдний дунд Мохамед Салах, тоглолтын шилдэг тоглогчийн шагналаас татгалзсан юм. Тухайн үед уг шагналыг архины бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани ивээн тэтгэж байсан нь татгалзах шалтгаан болжээ.
Иймээс 2026 оны тэмцээнд хэрэгжиж буй шинэчилсэн хэлбэр нь ФИФА ивээн тэтгэгчийн гэрээ болон тоглогчдын шашин, насны онцлогийг зэрэг харгалзахыг оролдож буй зохицуулалт болж байна.