Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхний хүсэлтээр зогсоосон байна.
Иргэн А-г олох ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд болон ар гэрийнхэн хамтран оролцож, нийт 16 хоногийн турш эрэн хайжээ.
Тухайн эмэгтэй аравдугаар сарын 15-ны өглөө 07:00 цагийн орчимд малаа хайхаар гэрээсээ гарсан байна. Харин тэр өдөр 16:50 цагт сураггүй болсон тухай дуудлага холбогдох байгууллагуудад иржээ.
Эрэн хайх ажиллагаа үргэлжилсэн хугацаанд тухайн бүс нутагт цас их хэмжээгээр орж, цасан бүрхүүл зузаарсан нь аврагчид болон эрлийн багийн ажилд хүндрэл учруулж байсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас өмнө нь мэдээлж байв.
Гэсэн ч 16 хоногийн хугацаанд эрэн хайсан ажиллагааны дараа ар гэрийнхэн нь хайлтыг зогсоох хүсэлт гаргаснаар албан ёсны эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
Одоогоор тухайн эмэгтэйн сураг гараагүй хэвээр байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна.
