Хотын дарга асан Х.Нямбаатар МАН-ын нэр бүхий ахмад гишүүд өөрийг нь намаас хасуулах зорилгоор гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэлээ. Тэрбээр уг ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захиалгаар өрнөж байгаа хэмээн үзэж буйгаа илэрхийлж, намын ахмад гишүүдэд хандан шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ.
Х.Нямбаатарын мэдэгдлийн гол агуулга нь МАН-ын дотоод үйл ажиллагаа болон төрийн шагнал хүртсэн ахмад гишүүдийн улс төрийн оролцоотой холбоотой байв. Тэрбээр:
“Манай намын нэр бүхий ахмадууд энэ намын нэрийг шороотой хутгаж байгаа хулгайчийн гар хөл болж, түүний тушаалаар Нямбаатарыг намаас хөөх гарын үсэг цуглуулж байгаа юм байна” гэжээ.
Мөн төрийн шагнал, цол олголтыг улс төрийн нөлөөллийн хэрэгсэл болгож ашиглаж байна хэмээн У.Хүрэлсүхийг буруутгасан байна.
Таван жилийн хугацаанд 54 генерал цол олгосон гэж мэдэгдэв
Х.Нямбаатар төрийн шагнал, цол олголтын талаар байр сууриа илэрхийлэхдээ:
“У.Хүрэлсүхээс гавьяат авсан, шагнал авсан ахмадууд та бүхэн хэнд ч өргүй шүү. Шагнал шорон хоёроор энэ улсыг арван жил орвонгоор нь эргүүллээ. Хүссэн үедээ ашиглах гэж командалж удирдах гэж шагналыг хавтгайруулсан. Энхийн цагт, өнгөрсөн таван жил 54 генерал цол өгсөн байна энэ хүн. Та бүхэн бод” хэмээн бичжээ.
Түүний дурдсан 54 генерал цол олгосон гэх тоо нь өөрийнх нь мэдэгдэлд үндэслэж байгаа бөгөөд уг мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй баримтыг нийтлээгүй байна. Мөн ахмад гишүүдийг төрийн шагнал хүртсэн явдлаа улс төрийн өр төлөөс мэтээр ойлгож болохгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Х.Нямбаатар мэдэгдлийнхээ төгсгөлд:
“Гавьяатын өрөө Улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр тавьж, хуучин коммунист аргаар залуу үеийнхээ эрийг дарж, зоригийг мохоож, хэний зараалаар юу хийж явсан чинь түүхэнд бичигдэж үлдэх болно. Энэ нам У.Хүрэлсүхийн хувийн нам биш шүү” хэмээн онцолжээ.
Ийнхүү тэрбээр өөрийг нь намаас хасуулах гарын үсэг цуглуулж байгаа гэх асуудлыг МАН-ын дотоод эрх мэдэл, намын гишүүдийн бие даасан байр суурьтай холбон тайлбарласан байна.
Х.Нямбаатарын мэдэгдэлд гарын үсэг цуглуулж буй гэх ахмад гишүүдийн нэр болон уг ажиллагааны албан ёсны явцын талаар тодорхой мэдээлэл дурдагдаагүй юм. Намын гишүүнчлэлтэй холбоотой асуудал бодит шийдвэрт хүрсэн эсэхийг МАН-ын эрх бүхий байгууллагын байр суурь тодорхой болгоно.
