Монголын уламжлалт хөгжим Францын Вирвинь тосгоны эртний сүмд эгшиглэнэ

0 comments 3 үзэлт
Б.Мягмарсүрэн Францын эртний сүмд тоглолт хийнэ

Франц Улсад ажиллаж, амьдарч буй дуучин Б.Мягмарсүрэн ирэх арванхоёрдугаар сарын 12-нд тус улсын түүхэн сүмд Монголын уламжлалт хөгжмийн тоглолт толилуулахаар болжээ.

“Musiques Traditionnelles de Mongolie” нэртэй уг тоглолт Францын хойд хэсгийн Пас-де-Кале мужийн Вирвинь (Wirwignes) тосгоны эртний сүмд болох бөгөөд Монголын үндэсний хөгжмийн зэмсэг, уламжлалт дуу хөгжмийг Францын үзэгчдэд хүргэх юм.

Дуучин Б.Мягмарсүрэн энэ удаагийн тоглолтоо ятгачин П.Баттунгалаг, морин хуурч, хөөмийч Я.Нэмэхбаяр нартай хамтран хүргэхээр төлөвлөжээ. Тэрбээр тоглолтынхоо талаар цахим хуудсандаа мэдээлэхдээ Монголын соёл, уламжлалыг Францын олон нийтэд таниулахын зэрэгцээ хоёр орны соёлын харилцаанд хувь нэмэр оруулахыг зорьж байгаагаа онцолсон байна.

Б.Мягмарсүрэн:

“Энэ удаагийн тоглолт нь Монголын соёл, уламжлалыг Францын олон нийтэд улам ойртуулж, хоёр орны ард түмний соёлын харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ бидний хамгаалан хайрлаж буй энэхүү түүхэн сүмийн соёлын амьдралд шинэ өнгө нэмнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичжээ.

Мөн тэрбээр тус сүмийн дуу авианы цуурай, акустикийг онцлон, тэнд дуулах өдрөө тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

Тоглолтыг түүхэн сүмийг хамгаалах чиглэлээр ажилладаг холбоо зохион байгуулна

Энэхүү тоглолтыг Вирвинь тосгоны оршин суугчдын санаачилгаар 2023 онд байгуулагдсан, Францын 1901 оны хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг холбоо зохион байгуулж байгаа аж. Тус холбоо нь тосгоны түүхэн сүмийг хамгаалах, сэргээн засварлах, соёлын өвийг хадгалан үлдээх чиглэлээр ажилладаг байна.

Үйл ажиллагааныхаа хүрээнд сүмийн түүхийг судлах, архивын баримт бичиг цуглуулах, ном хэвлэл гаргах, түүхэн дурсгалт зүйлсийг сэргээн засварлахад хувь нэмэр оруулдаг аж. Түүнчлэн үзэсгэлэн, хөгжмийн тоглолт, хурал уулзалт зохион байгуулж, эдгээр арга хэмжээнээс олсон орлого болон хандивыг сүмийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад зориулдаг байна.

Иймд Монголын уран бүтээлчдийн тоглолт нь хоёр орны соёлын харилцааг дэмжихээс гадна Вирвинь тосгоны түүхэн сүмийн соёлын үйл ажиллагааны нэг хэсэг болох юм.

Б.Мягмарсүрэн уран бүтээлээ Францаас үргэлжлүүлж байна

Дуучин Б.Мягмарсүрэн “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Цахилах гөрөөс”, “Сайхан чамдаа”, “Баярлалаа”, “Рондо”, “Гэгээн хүсэл”, “Нандин хайр” зэрэг дуугаараа үзэгч, сонсогчдын танил болсон уран бүтээлч юм. Өдгөө Франц Улсад ажиллаж, амьдарч буй тэрбээр энэ удаа Монголын хөгжмийн уламжлалыг тус улсын үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.

Арванхоёрдугаар сарын 12-ны тоглолт нь Монголын үндэсний хөгжмийн зэмсэг, хөөмийн урлагийг Францын орон нутгийн үзэгчдэд танилцуулах боломж бүрдүүлнэ. Мөн түүхэн сүмийг хамгаалах үйл ажиллагаатай соёлын арга хэмжээг уялдуулж байгаагаараа онцлог юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй