Table of Contents
УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хавсран хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр парламентын үйл ажиллагааг удирдахын зэрэгцээ үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбар, гадаад харилцаа, шүүхийн томилгоо зэрэг төрийн тэргүүний бүрэн эрхэд хамаарах асуудлыг хариуцахаар болж байна.
Ерөнхийлөгчийн эрх, чиг үүргийг зөвхөн Үндсэн хуулиар бус, салбарын хэд хэдэн хуулиар зохицуулдаг. Эдгээр хуульд төрийн тэргүүний үйл ажиллагаатай холбоотой давхардсан тоогоор нийт 104 заалт тусгагджээ.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зохицуулдаг долоон хууль
- Монгол Улсын Үндсэн хууль – 25 заалт
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль – 41 заалт
- Монгол Улсын Их Хурлын тухай хууль – 10 заалт
- Монгол Улсын Засгийн газрын тухай хууль – 10 заалт
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль – 10 заалт
- Дипломат албаны тухай хууль – 5 заалт
- Тагнуулын байгууллагын тухай хууль – 3 заалт
Эдгээр зохицуулалтыг эрх мэдлийн үндсэн чиглэлээр нь авч үзвэл дараах агуулгатай байна.
УИХ-ыг тараах, хууль санаачлах, шийдвэрт хориг тавих
Ерөнхийлөгчийн улс төрийн тогтолцоонд эзлэх байр суурийг тодорхойлдог гол эрхүүдийн нэг нь парламентын баталсан хууль, шийдвэрт хориг тавих бүрэн эрх юм. Үндсэн хуулийн 33.1.1-д зааснаар УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавьж болно.
Харин Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд чуулганд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол тухайн хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
Үндсэн хуулийн 26.1 болон УИХ-ын тухай хуулийн 36.2-т зааснаар Ерөнхийлөгч хуульд тогтоосон хүрээ, хязгаарын дотор хууль санаачлах эрхтэй. Мөн бусад хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төсөлд саналаа илэрхийлэх боломжтой бөгөөд энэ нь тухайн хуульд хожим хориг тавих эрхийг хязгаарлахгүй.
Парламентыг хугацаанаас нь өмнө тараахтай холбоотой хэд хэдэн нөхцөлийг хуульд тусгасан байдаг. Үүнд:
- УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн парламент өөрөө тарах саналыг гаргах;
- Ерөнхий сайдыг томилох саналыг анх оруулснаас хойш 45 хоногийн дотор УИХ томилгоог шийдвэрлээгүй бол парламентыг тараах;
- Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах;
- Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилоогүй бол парламентын бүрэн эрхийг дуусгавар болгох.
УИХ өөрөө тарах шийдвэрийг нийт гишүүний гуравны хоёроос доошгүй хувийн саналаар гаргана. Ерөнхийлөгчийн гаргасан саналыг УИХ-ын дарга зөвшөөрөөгүй байсан ч парламентад оруулах боломжтой аж.
Парламент өөрөө тарахдаа тогтоол, Ерөнхийлөгч УИХ-ыг тараахдаа зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна.
Энэ харилцааг Үндсэн хуулийн 22.2, 22.3, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.3, 12.11 болон УИХ-ын тухай хуулийн 34 дүгээр зүйлээр зохицуулдаг.
Чуулган зарлах, ард нийтийн санал асуулга санаачлах
УИХ-ын ээлжит сонгууль явагдсанаас хойш 30 хоногийн дотор парламентын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлах үүрэгтэй. Чуулганы нээлтийн өдрийг тогтоохдоо УИХ-д суудал авсан нам, эвслүүдтэй зөвшилцөнө.
Мөн улс орны хэмжээнд хойшлуулшгүй чухал асуудал үүссэн тохиолдолд ээлжит бус чуулган хуралдуулах санаачилга гаргаж болно. Ерөнхийлөгчийн санаачилгаар хуралдах ээлжит бус чуулганы хугацааг УИХ-ын даргатай тохиролцоно.
УИХ-ын гишүүдийн гуравны нэгийн шаардлагаар болон УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган хуралдуулах боломжтой. Онцгой чуулган зарласан үед гишүүдийг хуралдаанд оролцох нөхцөлөөр хангах, шаардлагатай бол төрийн тусгай хамгаалалтад авах үүргийг Ерөнхийлөгч хүлээнэ.
Төрийн тэргүүн чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн тааллаар оролцож, дотоод, гадаад бодлогын чухал асуудлаар мэдээлэл хийх, санал гаргах эрхтэй. Түүнчлэн ард түмэн болон УИХ-д хандан илгээлт гаргах, ард нийтийн санал асуулга явуулах саналыг парламентад оруулах боломжтой.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд оролцох эрх
Ерөнхий сайдыг томилох үйл явцад Ерөнхийлөгч тодорхой үүрэг хүлээдэг. УИХ-д олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор парламентад оруулах ёстой.
Аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй тохиолдолд хамгийн олон суудалтай улс төрийн хүчин бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонх бүрдүүлж, нэр дэвшүүлнэ. Бусад нөхцөлд парламентад суудалтай нам, эвслүүд зөвшилцөж нэр дэвшигчээ тодруулна.
Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой дараах эрхийг хэрэгжүүлнэ.
- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон түүнд оруулах өөрчлөлтийн талаар Ерөнхий сайдтай зөвшилцөх;
- Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах саналтай танилцах;
- Яам байгуулах, татан буулгах асуудлаар Ерөнхий сайдтай зөвшилцөх;
- Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх;
- Засгийн газрын хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлэх;
- Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авах.
Гэхдээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол хуулийн төслийг УИХ-д бие даан өргөн мэдүүлэх эрхтэй.
Засгийн газрын гишүүдийг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Томилогдсон гишүүд УИХ-д тангараг өргөнө.
Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар заавал хэлэлцэх бөгөөд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл Ерөнхий сайд үндэслэлээ Ерөнхийлөгчид уламжилна.
Мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Ерөнхий сайд төрийн тэргүүнд урьдчилан мэдээлэх үүрэгтэй.
Шүүх, прокурорын байгууллагын томилгоо
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн өөр нэг чухал хэсэг нь шүүх эрх мэдлийн байгууллагын томилгоотой холбоотой.
Үндсэн хуулийн 51.2, 56.2, 65.1 болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.16, 12.17-д дараах томилгооны зохицуулалтыг тусгасан байна.
- Улсын дээд шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д танилцуулсны дараа томилох;
- Бусад шатны шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор томилох;
- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг тус шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар томилох;
- Улсын ерөнхий прокурор болон түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилох;
- Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнд нэр дэвшүүлэх.
Үндсэн хуулийн цэц нийт есөн гишүүнтэй бөгөөд УИХ, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх тус бүр гурван хүнийг санал болгож, парламентаас зургаан жилийн хугацаагаар томилдог.
Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийн томилгоонд Ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшигчийг УИХ дэмжээгүй бол өөр хүнийг санал болгох зохицуулалттай.
Түүнчлэн Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах эрхтэй.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдана
Үндсэн хууль болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч тус зөвлөлийн тэргүүн байдаг.
Энэ хүрээнд С.Бямбацогтын хэрэгжүүлэх чиг үүрэгт зөвлөлийн хуралдааныг товлох, хэлэлцэх асуудлыг тодорхойлох, хуралдааныг даргалах, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар зөвлөлийг төлөөлөх зэрэг ажил багтана.
Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой мэдээллийг эрх бүхий байгууллагуудаас гаргуулан авах, холбогдох асуудлыг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх, албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгөх, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй.
Мөн дараах асуудлыг хариуцна.
- ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг УИХ-д гаргах;
- Зөвлөлийн ажлын хэсэг байгуулах;
- ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг томилох;
- Орон тооны болон орон тооны бус шинжээчдийг томилох;
- Зөвлөлийг мэдээллээр хангах журмыг шийдвэрт нь үндэслэн зарлигаар батлах;
- Мэдээллийн нэгдсэн сангийн бүтэц, зохион байгуулалт, бүрдүүлэлт, ашиглалтын журмыг тогтоох.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь судалгаа, үнэлгээ, шийдвэрийн үндэслэл боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, зөвлөлийн гишүүдийг шаардлагатай мэдээллээр хангана. Тухайн албан тушаалыг хаших хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэхээр хуульчилжээ.
Зөвлөлийн шинжээчид мэргэжлийн судалгаа, дүгнэлт гаргаж, түүний үндэслэлийг хариуцдаг. Харин зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сан төрийн нууцад хамаарч, тусгай хамгаалалтад байна.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн бүрэн эрх
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33.2-т зааснаар Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг. Батлан хамгаалах салбарын бодлого, цэргийн зохион байгуулалт, дайчилгаа болон онцгой нөхцөлд гаргах шийдвэрүүд энэ бүрэн эрхэд хамаарна.
Тухайлбал:
- Батлан хамгаалах бодлогын үндэс, Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газартай тохиролцон тодорхойлж, УИХ-д өргөн мэдүүлэх;
- Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг УИХ-тай зөвшилцөн томилох;
- Зэвсэгт хүчний нийтлэг дүрмийг батлах;
- Бүх нийтийн болон хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
- Зэвсэгт хүчний дайны үеийн бүтэц, зохион байгуулалт, дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөөг батлах;
- Цэргийг байлдааны бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, байлдааны ажиллагаа эхлүүлэх шийдвэр гаргах.
Түүнчлэн батлан хамгаалах, улсын болон эдийн засаг, экологийн аюулгүй байдлыг хариуцдаг байгууллагуудын удирдлагын илтгэл, мэдээллийг сонсох эрхтэй.
Онц болон дайны байдал зарлахад ямар нөхцөл үйлчлэх вэ
Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл үүсэж, УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр хойшлуулшгүй шийдвэр гаргах шаардлагатай бол Ерөнхийлөгч улсын нийт нутаг дэвсгэрт болон тодорхой хэсэгт онц, дайны байдал зарлах эрхтэй. Мөн цэрэг хөдөлгөх захирамж өгч болно.
Гэхдээ энэ бүрэн эрх парламентын хяналтаас ангид биш юм.
Онц болон дайны байдал зарласан зарлигийг нэн даруй олон нийтэд мэдээлэх бөгөөд УИХ долоо хоногийн дотор хэлэлцэж, батлах эсвэл хүчингүй болгох ёстой. Хэрэв энэ хугацаанд парламент шийдвэр гаргаагүй бол Ерөнхийлөгчийн зарлиг хүчингүй болно.
Энэхүү зохицуулалтыг Үндсэн хуулийн 33.1.12 болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13.6-д тусгасан байна.
Тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай танилцах эрх
ҮАБЗ-ийн тэргүүний хувиар Ерөнхийлөгч шаардлагатай гэж үзвэл тагнуулын байгууллагын удирдлагын илтгэл, мэдээллийг сонсож, холбогдох үйл ажиллагаатай танилцана.
Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэн тогтсоны үндсэн дээр тагнуулын байгууллагад даалгавар өгөх боломжтой.
Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14.1-д зааснаар Тагнуулын ерөнхий газрын даргыг Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгож, Засгийн газар зургаан жилийн хугацаагаар томилно.
Нэр дэвшигч нь Монгол Улсын иргэн бөгөөд төрийн албанд 15-аас доошгүй жил, үүнээс сүүлийн таван жил тасралтгүй ажилласан байх шаардлагатай. Тагнуулын ерөнхий газрын даргыг чөлөөлөх асуудал мөн дээрх зохицуулалтад хамаарна.
Тагнуулын ажилтны тангараг өргөх журмыг Ерөнхийлөгч батлахаар хуульчилсан байдаг.
Гадаад харилцаанд Монгол Улсыг төлөөлнө
Төрийн тэргүүний хувиар С.Бямбацогт Монгол Улсыг гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлөх, олон улсын түвшинд мэдэгдэл хийх, хэлэлцээ явуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай болон Дипломат албаны тухай хуульд зааснаар гадаад харилцааны хүрээнд дараах эрхийг эдэлнэ.
- УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
- Гадаад улсад суух дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох, эгүүлэн татах;
- Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх болон эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
- Тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар ажиллуулах;
- Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол олгох;
- Дипломат дээд цолны ялгах тэмдгийн тодорхойлолт, загварыг батлах;
- Төрийн дипломат ёслол болон дипломат ажилтны тангараг өргөх журмыг батлах.
Элчин сайдыг томилох, эгүүлэн татах саналыг Засгийн газраас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч болон Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх олон улсын бусад байгууллагын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн томилгоонд мөн энэ журам үйлчилнэ.
Хэрэв Элчин сайдад нэр дэвшүүлсэн хүн УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол Ерөнхийлөгч өөр нэр дэвшигч санал болгох ёстой. Өмнө нь дэмжлэг аваагүй хүнийг дахин нэр дэвшүүлэх, тухайн албан тушаалд томилохыг хориглодог.
Ерөнхийлөгч гадаад улсад хийх айлчлал болон түүний үр дүнгийн талаар УИХ-д мэдээлэх үүрэгтэй. Дипломат бусад цолыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
Төрийн дээд шагнал, уучлал, иргэний харьяаллын асуудал
Ерөнхийлөгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд иргэдтэй шууд холбоотой хэд хэдэн бүрэн эрх багтдаг.
Үндсэн хуулийн 33.1.7–33.1.9 болон Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар улсын цол, цэргийн дээд цол хүртээх, төрийн одон, медалиар шагнах, хуульд заасан үндэслэлээр өмнө олгосон цол, шагналыг хасах эрхтэй.
Мөн ял шийтгүүлсэн хүнд уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болох болон харьяатаас гарах асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн үндэслэл бүхий хүсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгох эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхтэй.
С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаандаа төрийн тамгыг хууль тогтоомжид заасны дагуу барина.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлага
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд төрийн тэргүүний ажлын албаны зохион байгуулалтыг зохицуулжээ.
Тус хуулиар Ерөнхийлөгч Тамгын газрын дүрэм, бүтцийг батлагдсан зардлын төсөвт багтаан тогтоох, Тамгын газрын дарга болон зөвлөхүүдийг томилох эрхтэй.
Шаардлагатай тохиолдолд орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулж, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон хамтлагаар тодорхой асуудлаар судалгаа хийлгэх боломжтой. Үүнтэй холбоотой зардлыг Ерөнхийлөгчийн жилийн төсөвт тусгана.
Түүнчлэн Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нэмэлт бүрэн эрх олгох саналыг УИХ-д өргөн мэдүүлж болно.
Хоёр албан тушаалын бүрэн эрх давхцахад анхаарах асуудал
С.Бямбацогт УИХ-ын даргын албан тушаалыг хашихын зэрэгцээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх болсон нь төрийн байгууллагуудын харилцан хяналт, эрх мэдлийн тэнцвэрийн асуудлыг анхаарлын төвд оруулж байна.
Хууль тогтоомжид Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөх, парламентад санал оруулах, УИХ-ын баталсан шийдвэрт хориг тавих, тодорхой нөхцөлд парламентыг тараах зэрэг харилцан хамааралтай зохицуулалт олон бий. Гэхдээ эдгээр эрхийн заримыг хэрэгжүүлэхэд УИХ-ын санал хураалт, Ерөнхий сайдын гарын үсэг, эрх бүхий байгууллагын санал зэрэг нөхцөл, шаардлага хэвээр үйлчилнэ.
Иймээс анхаарах гол асуудал нь С.Бямбацогт хэдэн бүрэн эрх хэрэгжүүлэхэд бус, тэдгээрийг ямар журмаар, ямар хяналтын дор хэрэгжүүлэхэд оршиж байна. Төрийн хоёр өндөр албан тушаалын чиг үүрэг нэг хүнд давхар хамаарах энэ хугацаанд шийдвэр гаргалтын ил тод байдал, хуульд заасан зөвшилцлийн механизм, институц хоорондын хяналт, тэнцвэрийг хадгалах нь онцгой ач холбогдолтой юм.
