Испанийн Ла Лигийн түүхэнд хоёр дахь удаагаа аваргын хувь заяа дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг “Эль Класико”-гоор шийдэгдлээ. “Барселона” клуб өөрийн талбайдаа заналт өрсөлдөгч “Реал Мадрид”-ыг хүлээн авч, 2-0 харьцаатай буулган авснаар Ла Лигийн 29 дэх аваргын цомоо өргөх болзлоо хангалаа.
Тоглолтын өмнө “Реал”-ын бүрэлдэхүүнд Аурелиен Чуамени багтсан нь олны гайхшралыг төрүүлсэн. Тэрээр багийн нөхөртэйгөө маргалдаж, зодоон гаргасан ч түүнийг орлох тоглогч байхгүй байсан тул дасгалжуулагч талбайд гаргахаас өөр аргагүй болжээ. Мадридчууд өрсөлдөгчийнхөө аваргын баярыг хойшлуулах зорилготой байсан ч тоглолтын ес дэх минутад Маркус Решфорд торгуулийн талбайн гаднаас гайхалтай цохилт гүйцэтгэж, тооны харьцааг нээснээр тэдний төлөвлөгөөг нураав. Решфордын хувьд энэ нь улирлын 14 дэх гоол нь байлаа.
“Барселона” давамгайллаа үргэлжлүүлж, Реалын хамгаалалтын алдааг ашиглан 18 дахь минутад Ферран Торрес 12 дахь гоолоо оруулж, тооны зөрүүг хоёр болгон холдуулсан юм. Хэдийгээр “Реал” тоглолтын эхний хагас дуусахаас өмнө хариу гоол оруулахыг хичээсэн ч үр дүнд хүрсэнгүй.
Тэмцээний дараа “Барселона” клубийн дасгалжуулагч Ханси Флик сэтгэгдлээ хуваалцахдаа:
“Өглөө дэндүү гунигтай эхэлсэн ч үнэхээр сайхан өндөрлөлөө. Ааваа алдана гэдэг хэцүү. Гэхдээ энэ миний ажил. Энэ хүртэл биднийг дэмжсээр ирсэн хөгжөөн дэмжигчид, багийн удирдлагууддаа баярлалаа.”
Тоглолтын хоёрдугаар хагаст “Барса” идэвхтэй шахалт үзүүлж, бөмбөг эзэмшилтээрээ илүүрхэв. 60-аас 80 дахь минутын хооронд зочин багийн тоглолт сэргэж, Жюд Беллингем гоол оруулсан ч шүүгч отон тоглолт гэж үзэн цуцалсан юм. Тоглолт дуусахад 20 минут дутуу байхад “Камп Ноу”-д цугласан фенүүд ялалтын баяраа тэмдэглэж, уухай хадааж эхэлсэн байлаа.
Ийнхүү “Реал Мадрид” клуб 2009/10 оны улирлаас хойш анх удаа нэг ч цомгүй улирлыг үдэхээр болов. Харин “Барселона” энэ улиралд гэртээ 18 ялалт байгуулж, хоёр жил дараалан Ла Лигт ноёрхлоо тогтоож байна. Улирал дуусахад гурван тойрог дутуу байгаа ч Фликийн залуус 14 онооны зөрүүтэйгээр хүснэгтийг тасархай тэргүүлж байна.