Table of Contents
2022 онд Малийн Сахарын цөлөөс олдсон солир Ангарагаас гаралтай бөгөөд дэлхий дээр илэрсэн хамгийн эртний Ангарагийн чулуулгуудын нэг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. Teghaza 001 гэж нэрлэсэн уг солир 4.1 тэрбум гаруй жилийн настай бөгөөд Ангарагийн эртний царцдас, усны түүхийг судлах ховор боломж олгож байна.
NASA-гийн санхүүжилттэй судалгааны баг ойролцоогоор 800 грамм жинтэй уг солирыг Ангарагаас гаралтай болохыг баталжээ. Нэрийг нь олдсон газрынх нь ойролцоох Малийн Тегаза давсны талбайн нэрээр өгсөн бөгөөд одоогоор мэдэгдэж буй 435 орчим Ангарагийн солирын нэг юм.
Судалгааны үр дүнг Science сэтгүүлд нийтэлсэн гэж NASA-гийн Jet Propulsion Laboratory мэдээлжээ.
“Ангарагийн Розетта чулуу” гэж нэрлэжээ
Teghaza 001-ийн анхны нарийвчилсан шинжилгээгээр галт уулын гаралтай хэд хэдэн төрлийн эрдэс өвөрмөц байдлаар нэг дор агуулагдаж байгааг тогтоосон байна.
Эдгээр эрдэс нь Ангарагийн царцдас магма хөрөх явцад хэрхэн бүрэлдэж, дараа нь газрын доорх устай харилцан үйлчилж өөрчлөгдсөнийг ойлгоход тусалж байгаа аж.
Судалгааг ахалсан JPL-ийн эрдэмтэн Yang Liu:
“Бид нарийвчлан судалж эхэлсний дараа л энэ солир үнэхээр өвөрмөц гэдгийг ойлгосон. Судалгааны өгүүллийг хянасан нэг шинжээч үүнийг Ангарагийн Розетта чулуу гэж нэрлэсэн.”
гэжээ.
Teghaza 001 нь дэлхий дээр олдсон хамгийн эртний гурван Ангарагийн солирын нэгт тооцогдож байна. Тэдгээрийн нэг ALH84001 нь бараг бүхэлдээ нэг төрлийн эрдсээс бүрдсэн бөгөөд насны хувьд төстэй. Харин “Black Beauty” хэмээн нэрлэгддэг өөр нэг солир ойролцоогоор 2.1 тэрбум жилийн өмнө үүссэн байна.
Өмнө нь дээж авч байгаагүй бүсийн царцдас байж магадгүй
Teghaza 001-ийн эрдсийн бүтэц нь NASA-гийн Mars Reconnaissance Orbiter хөлгөөр ажигласан Ангарагийн өмнөд хэсгийн тогоо ихтэй өндөрлөг газрын материалтай төстэй байжээ.
Солир яг хаанаас тасарч гарсныг одоогоор тогтоогоогүй ч эрдэс зүй болон химийн найрлагатай нь нийцэх хэд хэдэн бүсийг судлаачид тодорхойлсон байна.
Судалгааны хоёр дахь зохиогч Lee Saper:
“Энэ бол бид өмнө нь хэзээ ч дээж авч байгаагүй Ангарагийн нэг хэсгийн царцдасны анхны бодит дээж гэж хэлж болно.”
гэжээ.
Тэрээр мөн:
“Энэ чулуу ус, чулуулгийн харилцан үйлчлэлийг хадгалсан бөгөөд Ангараг усаа алдаж байх үеийн агаар мандлын ул мөр хүртэл агуулагдаж байж магадгүй.”
хэмээн тайлбарласан байна.
Эртний Ангарагт ус идэвхтэй эргэлдэж байсныг илтгэв
New Mexico-ийн их сургуулийн судлаачид Teghaza 001-ийг анх хүчилтөрөгчийн изотопын шинжилгээгээр Ангарагаас гаралтай болохыг тогтоожээ. Эдгээр изотоп нь чулуулгийн гарал үүслийг тодорхойлоход ашигладаг геохимийн “хурууны хээ” болдог байна.
Эхний дүгнэлтээр уг солирыг Ангарагийн солируудын хамгийн түгээмэл төрөл болох shergottite ангилалд оруулжээ. Гэвч Yang Liu чулуулгийн бүтэц болон зарим эрдэс нь ердийнхөөс өөр байгааг анзаарч, нэмэлт судалгаа хийсэн байна.
Ингэхэд циркон талстууд илэрчээ. Циркон нь чулуулгийн үүссэн үеийн мэдээллийг маш удаан хугацаанд хадгалж чаддаг учир насыг нарийвчлан тогтооход чухал ач холбогдолтой.
California Institute of Technology-ийн судлаач Francois Tissot болон түүний баг маш жижиг дээж ашиглан rubidium-strontium аргаар насыг газар дээр нь тодорхойлох техник хэрэглэсэн байна. Уг арга нь хумснаас ч жижиг хэмжээний хэлтэрхий ашигладаг тул ховор солирын ихэнх хэсгийг цаашдын судалгаанд хадгалах боломж олгожээ.
Tissot:
“Одоогоор дэлхий дээр ийм төрлийн нас тогтоох шинжилгээ хийх чадвартай лаборатори маш цөөн. Бид ийм эртний Ангарагийн солирын насыг тогтоосон анхны баг болсон. Цаашид илүү олон Ангарагийн солир, мөн бусад гараг, сар, астероидоос авчирсан дээжүүдийн насыг тодорхойлох замыг нээхийг хүсэж байна.”
гэжээ.
Шинжилгээгээр уг чулуулгийг ойролцоогоор 4.1 тэрбум жилийн өмнө ус өөрчилсөн нь тогтоогдсон бөгөөд энэ нь чулуу өөрөө үүнээс ч өмнө үүссэн гэсэн үг юм.
Хүчилтөрөгчийн изотоп, бүтэц, химийн найрлагын нийлмэл мэдээлэл нь Ангарагийн эрт үед ус идэвхтэй эргэлддэг динамик систем байсныг харуулж байна.
Судлаачдын үзэж буйгаар Teghaza 001-ийг цаашид нарийвчлан судлах нь ус Ангарагийн чулуулгуудтай хэрхэн харилцан үйлчилж, гарагийн эхэн үеийн геологийг хэрхэн өөрчилснийг илүү сайн ойлгоход тусална.
Yang Liu:
“Бид одоогоор зөвхөн гадаргууг нь л маажиж эхэлж байна.”
гэж дүгнэжээ.
