Table of Contents
Оросын Холбооны Улс Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тухай Европын конвенцоос албан ёсоор гарсныг Европын зөвлөл мэдэгдлээ. Ингэснээр тус конвенцын хүрээнд ОХУ-ын хорих байгууллагуудад хэрэгжүүлж байсан олон улсын хараат бус хяналт дуусгавар болж байна.
ОХУ конвенцоос гарах тухай албан ёсны мэдэгдлээ 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нд Европын зөвлөлд хүргүүлжээ. Конвенцын зохицуулалтаар гишүүн улс гарах хүсэлтээ мэдэгдсэнээс нэг жилийн дараа шийдвэр хүчин төгөлдөр болдог тул ОХУ-ын гишүүнчлэл 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд дууссан байна.
450 гаруй хорих байгууллагад 30 удаа шалгалт хийжээ
ОХУ 1996 онд Европын зөвлөлд элсэж, 1998 онд Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх тухай Европын конвенцыг соёрхон баталсан юм. Тус улс конвенцын хяналтын тогтолцоонд 23 жилийн турш хамрагдсан байна.
Энэ хугацаанд Европын конвенцын хянан шалгагчид Оросын 450 гаруй хорих байгууллагад нийт 30 удаа хяналт шалгалт хийжээ. Гэвч Оросын эрх баригчид эдгээр шалгалтын ердөө дөрвөн тайланг олон нийтэд ил болгохыг зөвшөөрсөн байна.
Нийтлэгдээгүй тайлангуудын дотор 2000-2017 онд Чечень болон Хойд Кавказын бусад бүс нутагт хийсэн 10 удаагийн хяналт шалгалттай холбоотой баримт бичгүүд багтаж байгаа аж.
Эрүүдэн шүүсэн гэх мэдээллүүд ирж байсныг Европын зөвлөл дурдав
ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний цэргийн халдлага эхлүүлсний дараа буюу мөн оны гуравдугаар сард Европын зөвлөлөөс хасагдсан юм.
Европын зөвлөлийн мэдээлснээр, Оросын нутаг дэвсгэр дэх хорих байгууллагууд болон ОХУ-ын эзлэн авсан Украины нутаг дэвсгэрт байрлах хорих төвүүдэд хоригдлуудыг эрүүдэн шүүсэн, зүй бусаар харьцсан байж болзошгүй тухай олон мэдээлэл тус конвенцын хяналтын байгууллагад ирж байжээ.
Эдгээр мэдээлэл нь хорих байгууллагууд дахь хүний эрхийн нөхцөл байдалд хөндлөнгийн хяналт тавих шаардлагатайг харуулж байгааг Европын зөвлөл онцолсон байна.
Хүний эрхийн байгууллагууд хамгаалалтын механизм үгүй болсныг анхааруулав
ОХУ конвенцоос гарснаар тус улсын ял эдлүүлэх тогтолцоонд хоригдож буй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын сүүлчийн хяналтын механизм алдагдлаа гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байна.
Тэдний анхааруулснаар, энэхүү шийдвэр нь Оросын хорих байгууллагуудад эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцахтай холбоотой мэдээллийг хараат бусаар шалгах боломжийг хязгаарлаж байгаа юм.
