Table of Contents
Монголын цахим спортын The MongolZ баг IEM Beijing 2026 тэмцээний эхний тоглолтдоо Legacy-г 2:1-ийн харьцаатай буулган авч, А хэсгийн дээд хүснэгтийн хагас шигшээд шалгарлаа.
А хэсгийн дээд хүснэгтийн шөвгийн наймд болсон гурван мапын цувралд The MongolZ эхний тоглолтод ялагдсан ч дараагийн хоёр мапт дараалан ялалт байгуулж, өрсөлдөгчөө хожсон байна.
Эхний мапт ялагдсан ч дараагийн хоёрт нь илүүрхэв
Best of 3 форматаар явагдсан цувралын эхний мап Mirage дээр хоёр багийн өрсөлдөөн тун тэнцүүхэн өрнөжээ. Үндсэн үеийн тоглолтод ялагч тодроогүй тул нэмэлт раунд үргэлжилж, Legacy 16:13-аар ялалт байгуулсан байна.
Харин хоёр дахь мап Dust2 дээр The MongolZ тоглолтын санаачилгыг эхнээс нь гартаа авч, 13:6-гаар илүүрхсэнээр цувралын харьцааг 1:1 болгож тэнцүүлжээ.
Шийдвэрлэх Ancient мапт Монголын баг довтлох талаас амжилттай тоглож, чухал раундуудад давуу байдлаа хадгалсан байна. Улмаар 13:8-аар ялж, цувралын эцсийн харьцааг 2:1 болгосон юм.
Цувралын үр дүн:
- Mirage: The MongolZ 13:16 Legacy
- Dust2: The MongolZ 13:6 Legacy
- Ancient: The MongolZ 13:8 Legacy
910 1.30 рейтинг үзүүлж, Techno шийдвэрлэх раундуудад онцгойров
The MongolZ-ийн мэргэн буудагч Усухбаяр “910” Банзрагч гурван мапын нийлбэрээр 1.30 дундаж рейтинг үзүүлж, багийнхаа ялалтад чухал хувь нэмэр оруулжээ. Тэрбээр AWP буугаар хэд хэдэн чухал раундын үр дүнд нөлөөлсөн байна.
Мөн Содбаяр “Techno” Мөнхболд шийдвэрлэх Ancient мап дээр хэд хэдэн клатч нөхцөл байдлыг амжилттай шийдвэрлэж, багийнхаа тэргүүллийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн аж.

Түүнчлэн үндсэн бүрэлдэхүүнд саяхан эргэн орсон nin9 болон cobrazera нар багийн тоглолтын зохион байгуулалтад дасан зохицож, өөрсдийн үүргийг гүйцэтгэсэн байна.
Харин Legacy багийн хувьд шинэ тоглогч ksloks-той хамтарсан бэлтгэл хангалтгүй байсан нь тоглолтод нөлөөлсөн байж болзошгүй гэж тэмдэглэжээ.
The MongolZ дараагийн шатанд HEROIC-той өрсөлдөнө
Дэлхийн чансааны наймдугаарт бичигдэж буй Legacy-г хожсоноор The MongolZ А хэсгийн дээд хүснэгтийн хагас шигшээд шалгарч, Европын HEROIC багтай тоглохоор боллоо. Харин Legacy доод хүснэгтэд шилжсэн бөгөөд тэмцээнээ үргэлжлүүлэхийн тулд дараагийн тоглолтдоо ялалт байгуулах шаардлагатай болж байна. The MongolZ баг IEM Beijing 2026 тэмцээнд 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэй оролцож байгаа юм.
