ТЭСО Группийн ТУЗ-ийн дарга О.Дамжин “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ТЭСО Группийн ТУЗ-ийн дарга О.Дамжин Хөдөлмөрийн баатар боллоо

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн түүхт ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Энэхүү ёслолын үеэр Монголын хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын салбарт инновац болон дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлсэн ТЭСО Группийн ТУЗ-ийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Дамжинд төрийн дээд цол болох “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолыг хүртээв.

Зайрмагны аяганаас дэлхийн зах зээл рүү: ТЭСО-гийн 30 жил

Өдгөөгөөс 30 жилийн өмнө буюу 1996 онд зайрмагны торхон аяганы тоног төхөөрөмж үйлдвэрлэх жижиг гарааны бизнесээс ажлын гараагаа эхэлж байсан ТЭСО групп өнөөдөр үндэсний хэмжээний аварга том эдийн засгийн хөдөлгүүр, баялаг бүтээгч болж чаджээ. Тэд дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлдээ тогтмол нэвтрүүлж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц үнэ цэнийг бүтээсээр ирсэн байна.

Улс орны хөгжилд оруулсан ТЭСО группийн гол үзүүлэлтүүд:

  • Ажлын байр: Нийт 2,500 гаруй иргэнийг тогтвортой, баталгаат ажлын байраар хангаж байна.
  • Цар хүрээ: Бүтээн байгуулалт, хүнс, хөрөнго оруулалтын чиглэлээр дагнан ажилладаг 30 гаруй салбар компанитай.
  • Түүхэн замнал: Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үйлсэд тасралтгүй 30 жилийн турш тууштай зүтгэж байна.

“Энэ бол нийт хамт олны маань хөдөлмөр”

Төрийн дээд шагнал хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Дамжин шагнал гардан авсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцахдаа хамт олон болон хэрэглэгчиддээ онцгойлон талархлаа илэрхийлсэн юм.

“Энэхүү эрхэм хүндтэй шагнал нь ТЭСО Группийн хөгжилд гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт хамт олны маань хөдөлмөр, тууштай зүтгэлийн үр дүн юм. 30 жилийн турш хамтын үнэ цэнийг бүтээлцсэн ТЭСО Группийн нийт хамт олон, эрхэм харилцагч, хэрэглэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье. ТЭСО Групп цаашид ч дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг олон улсад таниулан, хамтын үнэ цэнийг бүтээх болно”

ТЭСО групп нь цаашид дотоодын зах зээлийг чанартай бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй, Монгол брэндийг дэлхийн тавцанд гаргах томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй