Япон, АНУ-ын хамтарсан “Keen Sword” хээрийн сургуулилт энэ сарын 19–29-нд Японы нутаг дэвсгэр болон усан хилийн бүсэд болно.
Японы Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдсэн хорооны дарга, генерал Хироака Учикүрүгийн мэдээлснээр, энэ сарын эхээр Окинава аралд АНУ-ын тэнгисийн явган цэрэгтэй холбоотой хүн амины хэрэг гарсан ч сургуулилт товлосон хуваарийн дагуу үргэлжилнэ.
57 мянга орчим алба хаагч оролцоно
“Keen Sword” сургуулилтад:
- Японы 45 мянган цэрэг, офицер
- АНУ-ын 12 мянган алба хаагч
- Австрали, Герман, Франц зэрэг долоон орны цэргийн төлөөлөгчид
оролцохоор төлөвлөжээ.
Сургуулилтын үеэр Японы 1000 км орчим тусгалтай хөдөлгөөнт “Type 25” пуужинг анх удаа танилцуулж, уг системийг чиглүүлэх болон ашиглах дадлага хийх юм байна. Харин бодит зэвсэглэл ашиглахгүй гэж мэдээлжээ.
“NMESIS” системийг Ёнагуни аралд туршина
АНУ-ын талаас Тайваниас 110 км орчим зайд орших Ёнагуни аралд “NMESIS” пуужингийн системийг анх удаа байлдааны бэлэн байдалд оруулах сургуулилт хийхээр төлөвлөсөн байна.
“Keen Sword” нь Япон, АНУ-ын хоёр жил тутам зохион байгуулдаг хамтарсан цэргийн сургуулилт юм.
Окинавад гарсан хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын 20 настай тэнгисийн явган цэргийг саатуулсан бөгөөд тэрбээр өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн байна. Хэрэг мөрдөн шалгах шатандаа байгаа тул гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байна.
