Г.Солонго, Г.Адилбиш нарыг суллаж, гадуур шалгахаар болжээ

0 comments
Г.Солонгоо

Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан БНХАУ-ын иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх хэрэгт шалгагдаж буй Г.Солонго, Г.Адилбиш нарыг үргэлжлүүлэн цагдан хорих прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ.

Ингэснээр тэднийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхгүй, мөрдөн шалгах ажиллагааг гадуур явуулахаар болсон байна. Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг 2024 онд үүссэн хэрэгтэй холбогдуулан цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм.

Прокуророос Г.Солонго, Г.Адилбиш нарыг үргэлжлүүлэн хорих санал шүүхэд хүргүүлсэн боловч шүүх уг саналыг хүлээж аваагүй байна.

“Петро Чайна Дачин Тамсаг”-ийн үйл ажиллагааг эсэргүүцсэн үеийн хэрэг

Дээрх иргэд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэх үеэр хууль зөрчсөн гэх хэрэгт шалгагдаж байгаа юм.

Өмнө нь шүүхээс хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, оргон зайлах, хэргийн ул мөр болон нотлох баримтыг устгах, эсвэл гэмт хэрэг үйлдэхээ үргэлжлүүлэх эрсдэлтэй гэх үндэслэлээр тэдэнд 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байжээ.

Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарт холбогдох хэрэг мөрдөн шалгах шатандаа байгаа бөгөөд гэм буруутай эсэхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн тогтооно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй