Японд баавгайн халдлага ихэссэнээс болж “робот чоно” эрэлтээ дийлэхээ байжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Monster Wolf

Японы “Ohta Seiki” компани тус улсад баавгайн халдлага түүхэн дээд хэмжээндээ хүрсэнтэй холбоотойгоор “Monster Wolf” нэртэй робот чонынхоо эрэлтийг хангаж чадахгүй байна.

“Independent” хэвлэлийн мэдээлснээр, үйлдвэрлэгч компани төхөөрөмжөө гараар угсардаг тул захиалга авснаас хойш хэдэн сар хүлээхэд хүрч байгаагаа мэдэгджээ. Компанийн тэргүүн Южи Отагийн хэлснээр, оны эхнээс хойш 50 орчим “Monster Wolf”-ын захиалга ирсэн бөгөөд энэ нь бүтэн жилийн борлуулалттай нь тэнцэж байгаа аж.

Робот чонын эрэлт ийнхүү өссөн нь баавгайн халдлага эрс нэмэгдсэнтэй холбоотой. 2025-2026 онд Японд зэрлэг баавгайн халдлагаас болж хүний амь хохирсон 13 тохиолдол бүртгэгдсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн аюултай амьтад үзэгдсэн тухай 50,000 гаруй мэдээлэл ирсэн нь өмнөх дээд амжилтаас хоёр дахин их байна. Баавгайнууд орон сууц, сургууль, дэлгүүр болон рашаан сувиллын газруудын ойролцоо байнга харагдах болжээ.

Үүнтэй холбоотойгоор эрх баригчид баавгайг барьж, устгах ажиллагааг эрчимжүүлсэн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 14,600 гаруй баавгайг устгасан нь өмнөх жилийнхээс бараг гурав дахин ихэссэн үзүүлэлт юм.

“Monster Wolf” нь зэрлэг араатны дүрстэй автомат мануухай юм. Төхөөрөмж нь хиймэл үс, улаанаар гэрэлтдэг нүд, хөдөлгөөн мэдрэгч болон чанга яригчаар тоноглогджээ. Чанга яригч нь хүний дуу хоолойноос эхлээд электрон шуугиан хүртэлх 50 орчим төрлийн авиаг 1 км-ийн зайд сонсогдохоор гаргадаг байна.

Уг роботыг анх 2016 онд тариалангийн талбайг буга, зэрлэг гахай, баавгайнаас хамгаалах зорилгоор бүтээж байжээ. Тухайн үед үүнийг ер бусын туршилт төдий гэж харж байсан бол одоо фермерүүд, гольфын клубийн эзэд болон хөдөө орон нутагт ажиллаж буй иргэдийн хамгийн чухал хэрэгцээ болоод байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй