Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийсэн өсвөр насны охидын хэргийг шүүхэд шилжүүлж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийсэн өсвөр насны охидын хэргийг шүүхэд шилжүүлж байна

Өнгөрсөн гуравдугаар сард “Шангрила” зочид буудлын орчимд нэгнийгээ зодож, биед нь халдаж буй бичлэгээ цахим орчинд тараасан Д.Саянаа нарын таван хүүхдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусжээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Тус хэрэгт холбогдсон өсвөр насны охид нь цахим орчинд хандалт авах зорилгоор бусдыг зодож буй үйлдлээ баримтжуулан, заналхийлдэг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тэднийг Эрүүгийн хуулийн дараах гурван зүйл ангиар яллагдагчаар татжээ:

  • 13.5 дугаар зүйл (Заналхийлэх): Бүлэглэж үйлдсэн тул 6 сараас 2 жил хүртэл хорих ялтай.
  • 13.11 дүгээр зүйл (Хувь хүний нууцыг задруулах): Цахим сүлжээ ашигласан тул 1-5 жил хүртэл хорих ялтай.
  • 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах): Торгох, нийтэд тустай ажил хийлгэх эсвэл зорчих эрхийг хязгаарлах ялтай.

Хэргийн гол холбогдогч Д.Саянаагийн хувьд өмнө нь Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, хэргийн бусад оролцогчидтой харилцахыг нь хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.

Хэргийг шалгаж дууссанаар өсвөр насны таван яллагдагчийн гэм буруугийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх нөхцөл бүрдэж байна. Хүүхдүүд цахим орчинд “од” болох хүсэлдээ хөтлөгдөн үйлдэж буй энэхүү үйлдэл нь эцэстээ хоёр жил хүртэлх хугацаагаар цагдан хоригдох ноцтой эрүүгийн хариуцлагад хөтөлж байгааг хууль хяналтынхан анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй