Хол замын шалгуур, залуу насны эрч хүчийг сорьсон 14 настай Б.Улам-Үйлс хүү Улаанбаатар хотоос Увс аймаг хүртэлх 1360 километр замыг ердөө есөн хоногийн хугацаанд дугуйгаар туулж, наймдугаар сарын 9-ний өдөр зорилтот бариандаа амжилттай орлоо.
Тэрээр энэхүү аяллаараа зөвхөн унадаг дугуй жийгээд зогсохгүй, эх орныхоо уудам тал нутгийн үзэсгэлэнг биширч, өөрийгөө сорин хөгжүүлсэн томоохон суралцах хугацаа байсныг онцолсон юм. Замын турш түүнд хамгийн их тусалж, чиглүүлэн дэмжсэн аавынх нь найз Бөртэ ах болон гэр бүл, дэмжиж байсан Монголын бүх ард иргэдэд хүү цахим хуудсаараа дамжуулан сэтгэлийн гүнээс талархал дэвшүүлжээ.
“Лхагвасүрэнгийн Балчинлувсан ааваа, хүү нь чадлаа шүү. Энэхүү аялал маань зөвхөн унадаг дугуй жийх төдий бус, жинхэнэ эр хүн ямар байх ёстойг надад сургаж, ухааруулсан хугацаа байлаа. Мөрөөдлөө биелүүлсэн болохоор сэтгэл минь үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай байна.”
— Б.Улам-Үйлс
Монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэл дүүрэн байгаагаа хуваалцсан хүү дараагийн хол замын аялалдаа улам сайн бэлтгэж байгаад дахин замдаа гарах эрч хүчээр дүүрэн байгаагаа илэрхийлжээ.