Монгол Улсын 66 мянга гаруй хүүхэд энэ онд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авна

0 comments 0 үзэлт
Иргэний андгай

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол маргааш буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд Төрийн ордонд болно. Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр зохион байгуулдаг энэхүү ёслол энэ жил 24 дэх удаагаа болох гэж байна.

2026 онд Монгол Улсын хэмжээнд нийт 66,262 хүүхэд 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авах бөгөөд тэдний төлөөлөл Төрийн ордны “Их Монгол” танхимд иргэний андгай өргөх юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох “Иргэний андгай өргөх ёслол”-ыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж байна.

Төв ёслолоос гадна Монгол Улсын 21 аймагт иргэний андгай өргөх арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн хилийн чанадад оршин суугаа 16 настай монгол хүүхдүүдийг хамруулах бөгөөд Герман, БНХАУ, БНСУ-д мөн иргэний андгай өргөх ёслол болох аж.

Өсвөр үеийнхэнд иргэний эрх, үүрэг, хариуцлагыг таниулах зорилготой

Иргэний андгай өргөх ёслол нь 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч буй өсвөр үеийнхэнд Монгол Улсын иргэний эрх, үүрэг, хариуцлагын талаар ойлголт өгөх зорилготой юм. Мөн эх орныхоо түүх, соёл, үндэсний үнэт зүйлсээр бахархах, тэдгээрийг эрхэмлэн дээдлэх үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чиглэдэг.

Энэ жилийн ёслолын онцлог нь зөвхөн нийслэл, орон нутгийн хүүхдүүдээр хязгаарлагдахгүй, гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийг мөн хамруулж байгаад оршиж байна.

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрөөр иргэний андгай өргөх уламжлалаа үргэлжлүүлж байгаа нь залуу үеийнхэнд иргэний хариуцлага, эх оронч үзэл, үндэсний үнэт зүйлсийн ач холбогдлыг таниулах нэг хэлбэр юм. Энэ онд 16 нас хүрч буй 66,262 хүүхдийн төлөөлөл уг ёслолд оролцсоноор 24 жилийн уламжлалтай арга хэмжээ үргэлжлэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй