Дэлхийн шилдэг 3х3 сагсан бөмбөгийн багуудын хамгийн том тулаан болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Польш улсын нийслэл Варшав хотноо албан ёсоор хөшгөө нээх гэж байна. Зургаадугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжлэх эл тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 шилдэг улсын баг аваргын алтан медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Манай улсын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн ДАШТ-ий “В хэсэг”-т хуваарилагдсан бөгөөд тэд АНУ, Латви, Чех болон тэмцээнийг зохион байгуулагч талбайн эзэн Польшийн хүчирхэг багуудтай нэг хэсэгт оржээ. Харин эмэгтэйчүүдийн “В хэсэг”-т Монголын шигшээ баг Испани, АНУ, Унгар, Австралийн шилдэгүүдтэй хүч үзэхээр оноолт таарсан байна.
Монголын эрэгтэй, эмэгтэй багуудын хэсгийн шатны сорилтууд ийнхүү эхлэхэд бэлэн болоод байна. Тамирчдын Улаанбаатарын цагаар талбайд гарах нарийвчилсан хуваарийг доор багцлан танилцуулж байна.
- Зургаадугаар сарын 2-ны 23.55 цагаас: Эрэгтэй шигшээ баг Чехийн эсрэг
- Зургаадугаар сарын 3-ны 00:30 цагаас: Эмэгтэй шигшээ баг Австралийн эсрэг
- Зургаадугаар сарын 3-ны 01.45 цагаас: Эрэгтэй шигшээ баг Польшийн эсрэг
- Зургаадугаар сарын 3-ны 02:20 цагаас: Эмэгтэй шигшээ баг Испани улсын эсрэг
Эдгээр эхний тоглолтууд нь манай багуудын цаашид хэсгээсээ шалгарч үлдэх, тэмцээнийг амжилттай үргэлжлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хариуцлагатай тулаанууд юм. Сагсан бөмбөг сонирхогч олон түмэн маргаашнаас эхлэн үндэсний шигшээ багуудаа телевизийн болон цахим шууд дамжуулалтаар дэмжих боломжтой.
