БНХАУ-ын Нинбао хотод аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэл хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 99 орны нийт 528 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Монгол Улсаас дасгалжуулагч Ч.Мартын удирдлага дор дөрвөн тамирчин тэмцээнд хүч үзэх юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
- эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Б.Хонгорзул,
- 86 кг-ын жинд Л.Болортуяа,
- +86 кг-ын жинд Б.Энхжин,
- +86 кг-ын жинд Г.Чинболор нар багтжээ.
Монголын тамирчдын тэмцээний хуваарь
69 кг-ын жинд өрсөлдөх Б.Хонгорзул “B” группт багтсан бөгөөд арваннэгдүгээр сарын 3-нд тэмцээнээ эхлүүлнэ.
Харин 86 кг-ын “C” группт өрсөлдөх Л.Болортуяа арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд хүч үзэх хуваарьтай байна.
+86 кг-ын жинд өрсөлдөх Б.Энхжин, Г.Чинболор нар арваннэгдүгээр сарын 8-нд тавцанд гарах юм.
Ингэснээр Монголын дөрвөн тамирчны өрсөлдөөн арваннэгдүгээр сарын 3-наас эхэлж, тэмцээний сүүлийн өдөр хүртэл үргэлжлэхээр байна.
Хойд Солонгос медалийн хүснэгтийг тэргүүлж байна
Одоогийн байдлаар Хойд Солонгосын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.
БНХАУ-ын баг нэг алт, нэг мөнгөн медальтай бол Туркийн баг нэг мөнгө хүртжээ.
Тайвань болон АНУ-ын багууд тус бүр нэг хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Монголын тамирчдын хувьд Б.Хонгорзул хамгийн түрүүнд тавцанд гарах бөгөөд түүний араас Л.Болортуяа, Б.Энхжин, Г.Чинболор нар дэлхийн шилдгүүдтэй хүч үзэх юм.
