Япон Улсад болсон “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд Монголын баг тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл буюу нийт 10 медаль хүртэж, нэгдсэн дүнгээр 14 дүгээр байрт шалгарлаа.
Монгол Улсаас тус наадамд 44 тамирчин, 18 дасгалжуулагч оролцож, спортын 10 төрөлд хүч сорьсон байна. Тэд таван өөр төрлөөс медаль хүртэж, нэг удаагийн Азийн пара наадмаас авсан алтан медалийн тоогоороо Монголын түүхэн дээд амжилтыг шинэчилжээ.
Дөрвөн тамирчин Азийн пара наадмын аварга болов
Монголын багийн алтан медалийн эзэд:
- Пара таеквондо — Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав
- Пара таеквондо — Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ
- Жүдо бөх — Олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа
- Пауэрлифтинг — Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ
нар байлаа.
Мөн жүдо бөхийн Т.Сувд-Эрдэнэ, хөнгөн атлетикийн Г.Ган-Эрдэнэ, Ц.Доржзодов, байт харвааны ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ нар мөнгөн медаль хүртжээ.
Харин пара таеквондогийн Х.Темирбек хүрэл медаль хүртсэн бол байт харвааны эмэгтэйчүүдийн хосын төрөлд Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нарын баг мөн хүрэл медалийн эзэн болсон байна.
Нэг наадмаас авсан алтан медалийн рекордоо шинэчлэв
Монголын баг өмнөх Азийн пара наадмуудад дараах амжилтуудыг үзүүлж байжээ.
- Гуанжоу–2010: 2 мөнгө, 3 хүрэл
- Инчён–2014: 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл
- Жакарта–2018: 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл
- Ханжоу–2022: 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл
Өмнөх дөрвөн Азийн пара наадмаас Монголын тамирчид нийт таван алтан медаль хүртэж байсан бол зөвхөн “Айчи–Нагоя 2026” наадмаас дөрвөн алт авсан нь нэг наадмын хувьд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Ийнхүү Монголын пара спортын баг Японы дэвжээнээс нийт 10 медальтай буцаж, медалийн чансаанд 14 дүгээр байр эзлэхийн зэрэгцээ алтан медалийн тоогоороо шинэ түүх бичлээ.
