АНУ-д 82 настай эмэгтэй ваннд унасныхаа дараа есөн хоногийн турш тусламж хүлээн амьд үлдсэн талаар The Guardian мэдээлжээ.
Хойд Каролина мужийн оршин суугч, бэлэвсэн эмэгтэй Жоан Ривет зургадугаар сарын эхээр унтах гэж бэлдэж байхдаа бүдэрч, ваннд унасан байна. Түүний хэлснээр, уналтын улмаас нуруугаа гэмтээж, өөрөө гарч чадаагүй аж.
Эмэгтэй энэ хугацаанд хагас ухаангүй байдалтай байсан бөгөөд үе үе сэргэж байжээ. Тэрээр тусламж дуудахаар оролдсон ч хэн ч сонсоогүй байна.
Ах нь санаа зовсноор эмэгтэйг олжээ
Жоан Риветийг 6-р сарын 10-нд олсон байна. Жоржиа мужид амьдардаг ах нь эгч нь утсаа авахгүй байгаад санаа зовж, хөршүүдээс нь гэрийг нь шалгаж өгөхийг хүсжээ.
Дуудлагаар ирсэн цагдаа нар Риветийг ваннд хэвтэж байхад нь олсон байна. Эмэгтэй хожим нь усны цоргыг хөлөөрөө хүрч онгойлгон, тэндээс ус ууж амь гарснаа ярьжээ.
Эмнэлэгт хүргэгдсэний дараа түүнд хүчтэй шингэн алдалт болон хэвтрийн шарх оношлогдсон байна. Одоогоор эмэгтэйн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд тэрээр цаашид Жоржиа дахь гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрахаар төлөвлөж байна.