Европын Холбоо болон Энэтхэг улс бараг 20 жил үргэлжилсэн яриа хэлэлцээний эцэст чөлөөт худалдааны хэлэлцээрт хүрч чадлаа.
Medee.news агентлагийн мэдээлснээр, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен тэргүүтэй ЕХ-ны төлөөлөгчид Нью-Делид хүрэлцэн ирж, хоёр талын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан байна. “Бид хоёр тэрбум хүн амтай чөлөөт худалдааны бүсийг байгууллаа. Үүний үр шимийг хоёр тал хоёулаа хүртэх болно” хэмээн Урсула фон дер Ляйен онцлов.
Тэрээр энэхүү хэлэлцээрийг “бүх цаг үеийн хамгийн том худалдааны хэлэлцээр” гэж нэрлэсэн бөгөөд Ерөнхий сайд Моди ч мөн адил утгаар тодорхойлжээ.
The Times of India сонинд тэмдэглэснээр, тохиролцооны дагуу Энэтхэг улс Европын жимсний шүүс, боловсруулсан хүнс, чидун жимсний тос, маргарин болон бусад ургамлын тосны импортын татварыг цуцалж, ЕХ-ны хөдөө аж ахуйн экспортод асар том зах зээлээ нээж байна. Үүнээс гадна Европын хатуулаг ихтэй согтууруулах ундааны татвар одоогийн 150% байгааг 40% хүртэл бууруулахаар болжээ.
Ерөнхийдөө Европын Холбооноос экспортлож буй бараа бүтээгдэхүүний 96.6% нь татварын хөнгөлөлт эдлэх юм. Харин ЕХ-ны зүгээс байгаль орчны хамтын ажиллагааны үүрэг хүлээж, Энэтхэг улсад хүлэмжийн хийг бууруулах болон “үйлдвэрлэлийн шинэчлэл” хийхэд зориулж 500 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон байна.