ChatGPT-ийн GPT гэдэг товчлол ямар утгатай вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ChatGPT

ChatGPT богино хугацаанд алдартай болсноос хойш “генератив хиймэл оюун ухаан” гэх хэллэг хаа сайгүй сонсогдох болсон. Гэвч идэвхтэй хэрэглэгчдийн олонхи нь “GPT” гэх гурван үсэг яг юуг илэрхийлдэг, энэ технологи хэрхэн ажилладаг талаар тайлбарлаж мэдэхгүй байна. Энэ талаар SuperCarBlondie хэвлэл сонирхолтой тайлбар нийтэлжээ.

ChatGPT доторх “GPT” үсгүүдийн утга

Эхний үсэг — G (Generative): Энэ нь системийн зөвхөн бэлэн хариулт хайх бус, шинэ контент бүтээх (генераци хийх) чадварыг хэлж байгаа юм. Мэдээллийг зөвхөн хайж олдог хуучин программ хангамжуудаас ялгаатай нь генератив хиймэл оюун ухаан нь хүсэлтийн дагуу анхдагч эх бичвэрийг өөрөө зохиодог. Хэрэв та хоолны жор, шүлэг эсвэл “хар нүх”-ний тухай тайлбар хүсвэл загвар нь өөрийн сурсан зүй тогтол дээр үндэслэн тухай бүрт шинэ хувилбарыг бүтээдэг байна.

Хоёр дахь үсэг — P (Pre-trained): 2022 оны сүүлээр олон нийтэд танилцуулагдахаас өмнө энэхүү загварыг асар их хэмжээний бичвэр мэдээлэл буюу ном, нийтлэл, вэб сайтын материалууд дээр сургасан байдаг. Энэхүү “урьдчилсан сургалт”-ын (pre-training) явцад систем нь дүрмийн дүрэм, баримт тулгуур, логик хэв маяг болон хүмүүс хоорондоо хэрхэн харилцдагийг сурч авдаг. Үүний дараа хариултуудыг илүү ашигтай, аюулгүй болгохын тулд хүний оролцоотой нэмэлт сургалтуудыг хийдэг байна.

Гурав дахь үсэг — T (Transformer): Энэ нь 2017 онд анх гарч ирсэн мэдрэлийн сүлжээний архитектурын нэг төрөл юм. Энгийнээр хэлбэл, “Трансформер” нь өгүүлбэр дэх аль үг хамгийн чухал болох, тэдгээр нь хоорондоо хэрхэн холбогдож байгааг тодорхойлоход загварт тусалдаг. Текст нь “токен” гэх жижиг хэсгүүдэд хуваагдаж, систем тэдгээрийн “жин”-г үнэлж, дараагийн үгийг таамагладаг. Яг энэхүү таамаглах механизм нь ChatGPT-д санамсаргүй үгсийн цуглуулга биш, харин логик утга бүхий цогц өгүүлбэрүүдийг бүтээх боломжийг олгодог ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй