Table of Contents
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Сар шинийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нийт ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнд улс орны ололт амжилт, түүхэн уламжлал болон ирэх жилүүдийн бодлогын чиглэлийг хэрхэн тусгасныг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээгээ дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүстээ хандан дэвшүүлж, Цагаан сарыг үндэсний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын бэлгэдэл хэмээн онцлов. Түүний мэндчилгээний гол цөм нь Эзэн Богд Чингис хааны өв соёл, Хархорум хотыг сэргээн байгуулах ажил болон үндэсний соёлын үнэт зүйлсийг дээдлэхэд чиглэжээ. Мөн тэрбээр улиран одож буй жилд эдийн засаг 6 хувиар өсөж, нэг хүнд ногдох ДНБ 7,000 ам.долларыг давсан амжилтыг тэмдэглэн, ирэх жилдээ улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэхийг уриалав. Ерөнхийлөгчийн мэндчилгээнд “Монгол” гэх үг 24 удаа, “Жил” 18 удаа, “Хаан” 11 удаа хамгийн олон давтагдсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын мэндчилгээ
Ерөнхий сайд Г.Занданшатар улиран одож буй Модон могой жилийг сорилт сургамж, амжилт бүтээл дүүрэн жил байсныг тэмдэглэж, Гал морин жилтэйгээ золгож буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр ирж буй жилд тохиох Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн ач холбогдлыг чухалчлан дурдсан юм. Түүний мэндчилгээнд “Жил”, “Монгол”, “Их” гэх үгс хамгийн их давтагджээ.
УИХ-ын дарга Н.Учралын мэндчилгээ
УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээндээ үндэсний өв соёл, тусгаар тогтнолын үнэ цэнийг онцлохын зэрэгцээ эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах бодлогыг танилцуулав. Тэрбээр “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хүнд суртлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, татварын шинэчлэлээр дамжуулан эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Түүний мэндчилгээнд “Монгол” гэх үг 29 удаа, “Чөлөөлөх” 18 удаа, “Эрх” 15 удаа дурдагдсан нь хууль эрх зүйн шинэчлэлд түлхүү анхаарсныг харуулж байна.