АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп влогер, боксчин Жейк Полыг дараагийн тулаанаа UFC-ийн домогт аварга Хабиб Нурмагомедовтой хийгээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийллээ.
Энэ талаар Medee.news мэдээлснээр, Трамп Жейк Полын Х (хуучнаар Twitter) хуудсандаа нийтэлсэн ярилцлагын үеэр дурдсан байна. Пол дараагийн тулааныхаа талаар ярихдаа холимог тулааны урлаг буюу ММА-д хүч үзэж магадгүй гэдгээ хэлээд, Трампаас хэнтэй тулалдахыг нь харахыг хүсэж байгааг асуухад тэрээр: “Магадгүй Хабиб байвал ямар вэ? Хабибын талаар юу гэж бодож байна?” гэжээ. Үүнд Пол “Би зөвшөөрч байна” хэмээн хариулсан байна.
Өдгөө 37 настай Хабиб Нурмагомедов ММА-ийн карьертаа 29 ялалт байгуулж, нэг ч ялагдаагүй амжилттай яваа нэгэн. Тэрээр 2018 оны дөрөвдүгээр сард UFC-ийн хөнгөн жингийн аваргын бүсийг хүртэж байв. Түүний Конор Макгрегортой 2018 онд хийсэн тулаан ММА-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон, хамгийн олон хүн үзсэн тоглолтоор нэрлэгддэг. Хабиб хамгийн сүүлчийн тулаанаа 2020 оны аравдугаар сард Жастин Гэтжигийн эсрэг хийснийхээ дараа зодог тайлсан билээ.
Харин Жейк Полын хувьд хамгийн сүүлд өнгөрсөн 12 дугаар сард хүнд жингийн дэлхийн экс аварга Энтони Жошуад хүнд цохилтоор (нокаут) ялагдсан юм. 29 настай Пол карьертаа 14 тулаан хийж, 12 ялалт (үүний дотор тухайн үед 58 настай байсан Майк Тайсоныг ялсан тулаан багтана) байгуулж, 2 ялагдал хүлээгээд байна. Жошуатай тулалдахаас өмнө тэрээр карьераа идэвхтэй үргэлжлүүлж буй хүнд жингийн мэргэжлийн боксчинтой тулалдаж байгаагүй ажээ.
Жейк Пол анх “Vine” сүлжээгээр олонд танигдсан (тус сүлжээ хаагдах үед тэрээр 5 сая дагагчтай байсан) бөгөөд одоо түүний YouTube суваг 20 сая гаруй захиалагчтай. Тэрээр 2016 онд “Disney” сувгийн “Bizaardvark” цувралд тоглож жүжигчний гараагаа эхэлсэн бол боксын спортод 2019 оны 12 дугаар сард анх хөл тавьсан байна.