98 дахь удаагийн “Оскар“-ын шагнал гардуулах ёслол өндөрлөсөн ч улаан хивсний ёслолын гоёл одоог хүртэл олны анхаарлын төвд байна. “One Battle After Another” кино гол шагналуудыг хамсан бол загварын талбарт хэн ялагч байв?
Ийнхүү хөшиг хаагдлаа. Шагнал гардуулах ёслолын ээлжит нэгэн улирал ард хоцорч, 98 дахь удаагийн “Оскар”-ын наадам түүхэнд бичигдэх олон мөчөөр дүүрэн өнгөрөв.
Улс төрийн драмын төрлийн “One Battle After Another” бүтээлээрээ Пол Томас Андерсон анхны “Шилдэг найруулагч”-ийн Оскараа хүртэж, тус кино “Шилдэг кино”-гоор шалгарлаа. Жүжигчдийн төрөлд Майкл Б. Жордан “Sinners” кинонд бүтээсэн ихрийн дүрээрээ Тимоте Шаламег ардаа орхиж, “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн эзэн болов. Харин “Hamnet” киноны од Жесси Бакли энэ улирлын гол фаворит байснаа баталж, “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн статуэткаг гардан авлаа.
Гэхдээ яриа дуусэж, шагналууд эзэндээ очсоны дараа нэг л асуулт үлддэг: Улаан хивсний ёслолын гол ялагч хэн байв? Учир нь “Оскар”-ын загварын өрсөлдөөн шагнал гардуулах ёслолоосоо дутахгүй ширүүн байдаг билээ.
Энэ жилийн наадмаас онцгойрсон 14 дүр төрхийг танилцуулж байна.
Renate Reinsve. “Sentimental Value” бүтээлээрээ анх удаа Оскарт нэр дэвшсэн Норвегийн жүжигчин Ренате Рейнсве улаан хивсийг тод өнгөөр чимэв. Тэрээр Louis Vuitton-ийн гар аргаар хийсэн, гүн оноотой, урт хормойтой улаан даашинзаар гоёжээ.

Michael B. Jordan. “Sinners” киноны ихрийн дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Майкл Б. Жордан үнэхээр төгс харагдаж байлаа. Жүжигчин эр түүхэн анхны ялалтаа стилист Жейсон Болдентой хамтран бүтээсэн Louis Vuitton-ийн хар хослолоор тэмдэглэв. Тэр үнэхээр гайхалтай харагдаж байсан бөгөөд магадгүй хогийн уут өмсөөд ирсэн ч бид биширсээр байх байсан биз ээ.

Jessie Buckley. Ирландын од Жесси Бакли энэ улирлын “загварын ялалт”-аа Chanel-ийн өвөрмөц шийдэлтэй даашинзаар үргэлжлүүлэв. Улаан өнгийн цээж хэсэг болон зөөлөн ягаан өнгийн хормойтой уг даашинз түүний баярт мөчид яг л тохирсон гоёл байлаа.

Anne Hathaway. Хэдийгээр энэ жил нэр дэвшээгүй ч Энн Хэтэуэй “Оскар”-ын улаан хивснээ яаж хаанчлахаа дахин нэг батлав. Тэрээр ягаан цэцгэн хээтэй хар даашинз өмсөж, дуурийн бээлий болон бриллиантан зүүлтээр гоёсон нь “The Devil Wears Prada” киноны хатуу хатагтай Миранда Прислийн сайшаалыг ч хүртэхээр байлаа.

Mia Goth. Оскарт анх удаа ирж буй Миа Гот өөрийн дассан готик хэв маягаасаа татгалзаж, үлгэрийн мэт дүр төрхийг сонгожээ. “Frankenstein” киноны жүжигчин бүсгүй Dior-ийн цөцгий өнгөтэй, торон чимэглэлтэй даашинзаар улаан хивснээ алхав. Төгс сонголт.

Pedro Pascal. “Интернетийн халуухан аав” Педро Паскаль сахал, үсээ засуулж, илүү залуулаг дүр төрхтэй ирсэн нь олныг гайхшруулав. Тэрээр энэхүү өөрчлөлтөө Chanel-ийн дэгжин хослол, цаг, нүдний шилээр тодотгожээ. Энгийн мөртлөө маш хүчирхэг.

Zoe Saldaña. Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр тодроод буй Салдана Saint Laurent-ийн торгомсог хар даашинзаар “даруухан тансаглал”-ыг мэдрүүлэв. Өнгөрсөн жилийн ялагчийн хувьд хөтлөгчөөр тайзнаа гарахдаа тэрээр Cartier-ийн том зүүлтээр гоёлоо чимжээ.

Teyana Taylor. “One Battle After Another” киногоороо туслах дүрд нэр дэвшсэн Теяна Тейлор энэ жилийн хамгийн гламур төрхийг бүрдүүлжээ. Тэрээр Chanel-ийн өдөн чимэглэлтэй, талст шигтгээ бүхий корсеттой даашинзаар олны харцыг булаав. Ямар ч өөгүй харагдаж байлаа.

Damson Idris. Британийн жүжигчин Дэмсон Идрис Prada-гийн хөх өнгийн хослолоор маш дэгжин харагдав. Тэрээр өөрийн DIDRIS үнэт эдлэлийн цуглуулгын бриллиантан брошоор гоёлоо чимсэн нь яг л уралдааны замын тэргүүн байр (pole position) шиг байлаа.

Chase Infiniti. Чейз Инфинити Оскарын анхны гараагаа маш загварлаг эхлүүлж, Louis Vuitton-ийн нил ягаан өнгийн даашинзаар гоёжээ. Энэхүү торгомсог гоёлыг бүтээхэд 750 гаруй цаг гар аргаар ажилласан бөгөөд тэрээр улаан хивсний гол анхаарлыг татаж чадлаа.

Timothée Chalamet. Тимоти Шаламе энэ улирлыг Givenchy-ийн толгойдоо хүртэл цагаан хослолоор өндөрлүүлэв. Зарим шүтэн бишрэгчид нь түүнийг “Backstreet Boys”-ын гишүүн шиг харагдаж байна гэж хошигнож байсан ч түүний зоримог туршилтыг үнэлэхгүй байхын аргагүй.

Wunmi Mosaku. “Sinners” киноны од Вунми Мосаку хоёр дахь хүүхдээ хүлээж буй бөгөөд Louis Vuitton-ийн маргад эрдэнийн өнгөтэй даашинзаар улаан хивсийг чимэв. Баялаг өнгө, дэгжин шийдэл түүнд үнэхээр зохижээ.

Wagner Moura. Улаан хивснээ заавал гял цал байх албагүй гэдгийг Вагнер Моура батлав. Тэрээр Zegna-гийн энгийн мөртлөө чанартай хүрэм, Omega цагаараа өөрийн төрөлх сэтгэл татам байдлаа тодотгожээ.

Elle Fanning. Туслах дүрд нэр дэвшсэн Эль Фаннинг Givenchy-ийн үлгэрийн мэт даашинзаар улаан хивснээ “нисэж” байлаа. Глицини цэцгийн дэлбээ мэт чимэглэл, Cartier-ийн гоёлоор чимсэн тэрээр яг л үлгэрийн гүнж шиг харагдаж байв.
