Netflix түүхэндээ анх удаа ММА тулаан шууд дамжуулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Netflix

Netflix компани түүхэндээ анх удаа холимог тулааны урлагийн (ММА) тэмцээнийг шууд дамжуулахаар боллоо. Энэ тухай тус стриминг үйлчилгээний Х (хуучнаар Twitter) хуудсанд мэдээлснийг Medee.news дамжууллаа.

Мэдээллийн дагуу, ирэх 5-р сарын 16-нд АНУ-ын Лос-Анжелес хотын “Intuit Dome” ордонд “Most Valuable Promotions” холбооны ММА тэмцээн болох юм. Энэхүү түүхэн үйл явдлыг дэлхий даяарх тус платформын 325 сая захиалагч шууд үзэх боломжтой.

Netflix-ийн ММА-ийн дебют тулаанд алдарт Ронда Раузи болон Жина Карано нар хүч үзэхээр болжээ. Мөн тус үдшийн кард (тулааны дараалал)-д UFC-ийн экс тулаанчид болох Нейт Диаз, Майк Перри нарын тулаан болон Фрэнсис Нганну, Филип Линс нарын халз тулаанууд багтсан байна.

Өмнө нь тус стриминг сервис UFC-ийн бүх дугаартай (numbered) тэмцээнүүдийг дамжуулах эрхийг худалдаж авахаар хэлэлцээ хийж байсан юм. Гэвч Netflix зөвхөн одод оролцсон томоохон тулаануудыг үзүүлэх сонирхолтой байсан бол “UFC Fight Night” болон “UFC Vegas” зэрэг тэмцээнүүдээс татгалзсан тул талууд тохиролцоонд хүрч чадаагүй аж. Үүний үр дүнд UFC компани Paramount-тай 7.7 тэрбум ам.долларын үнийн дүнтэй, 7 жилийн хугацаатай рекорд гэрээ байгуулсан билээ.

Netflix өмнө нь боксын томоохон тулаануудыг дамжуулж, үзэгчдийн дээд амжилтыг тогтоож байсан туршлагатай. Тухайлбал, Жейк Пол болон Майк Тайсоны тулааныг 108 сая хүн үзсэн бол Сауль Альварес, Теренс Кроуфорд нарын тулаан 41.4 сая үзэгчийг цуглуулж байв.

ММА тэмцээнээс гадна 2026 оны 9-р сард Флойд Мейвезер болон Мэнни Пакьяо нарын даагаа нэхэх тулааныг Лас-Вегасын “The Sphere” цогцолбороос шууд дамжуулахаар төлөвлөөд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй