Норвегийн гүнжийн хүүд долоон жилийн хорих ял оноохыг прокурор шаардав

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Мариус Хойби

Норвегийн угсаа залгамжлах гүнж Метте-Маритын хүү Мариус Хойбид хүчирхийлэл, хар тамхи болон бусад гэмт хэрэгт холбогдуулан нийт 40 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байна. Үүний дотор дөрвөн эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг багтсан бөгөөд Хойби өмнөх шүүх хурлын үеэр хүчирхийллийн хэргүүдийг хүлээгээгүй юм. Харин хар тамхи, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, шүүхийн шийдвэр биелүүлээгүй зэрэг зарим хэргээ хүлээсэн бөгөөд бусдын биед халдсан, заналхийлсэн хэргээ “хэсэгчлэн” хүлээн зөвшөөрчээ.

Долоон долоо хоногийн турш үргэлжилсэн шүүх хурал 3-р сарын 19-ний пүрэв гарагт өндөрлөх бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн дуулиантай хэргийн нэг болж байна. Шүүх хурлын явцад ирээдүйн хаан Хоконы дагавар хүүгийн хар тамхины хамаарлын талаарх асуудлуудыг нарийвчлан хэлэлцжээ.

Лхагва гарагт болсон шүүх хуралдааны үеэр ерөнхий прокурор Стурла Хенриксбоэ ялын саналыг танилцуулахдаа Хойбид долоон жилийн хорих ял оноох шаардлагатай гэв. Тэрээр Хойбиг хааны гэр бүлтэй холбоотой гээд хуулиас гадуур давуу эрх эдлэх эсвэл илүү хатуу шийтгүүлж болохгүй, бусад иргэдийн адил хариуцлага хүлээх ёстой хэмээн онцолсныг Express хэвлэл иш татжээ.

Угсаа залгамжлах хунтайж Хокон ч мөн адил байр суурьтай байгаа бөгөөд Норвегийн хууль хүн бүрд ижил үйлчлэх ёстой тул шүүх түүний дагавар хүүгийн хувь заяаг шийдэх болно гэдгийг мэдэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Мариус Хойби мэдүүлэг өгөхдөө нулимс дуслуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг “мангас” мэтээр дүрсэлж, үзэн ядалтын бай болгосон нь түүнийг сэтгэл гутралд оруулсан хэмээн ярьжээ.

Мариус Хойби бол гүнж Метте-Маритын том хүү юм. Энэхүү шүүх хурал түүний ээжийн хувьд тун хүнд цаг үед тохиож байна. Саяхан гүнжийг хүүхэд хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой байсныг батлах захидлууд ил болж, багагүй шуугиан тарьсан билээ. Үүнээс гадна гүнж Метте-Марит уушгины фиброз хэмээх архаг өвчнөөр шаналж буй бөгөөд ойрын хугацаанд уушги шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор төлөвлөж байгаа ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Ширин 3 сар 20, 2026 - 11:10

Ийм хэрэг сонсоход их харамсалтай байна

Reply
Баялун 3 сар 20, 2026 - 11:20

Хууль хүн бүрт адилхан үйлчлэх ёстой

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй