Оросын пуужингийн цохилтод Азербайжаны иргэний нисэхийн онгоц өртсөн хэрэг гарснаас хойш бараг 16 сарын дараа хоёр улс нөхөн төлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.
Энэ хэрэг 2024 оны арванхоёрдугаар сард болсон бөгөөд тухайн үед Баку хотоос Чеченийн Грозныйг чиглэн нисэж явсан Азербайжаны агаарын тээврийн онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем онож унагасан юм.
Пуужинд өртсөн онгоц Казахстаны баруун хэсэгт осолдоход нийт 62 зорчигчоос 38 хүн амиа алдсан байна.
Орос, Азербайжаны гадаад хэргийн яамд лхагва гарагт хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр тал нөхөн төлбөр болон холбогдох бусад асуудлаар тохиролцоонд хүрснээ зарлажээ. Гэхдээ нөхөн төлбөрийн хэмжээ хэд байхаар тогтсоныг олон нийтэд мэдээлээгүй байна.
Харин уг мэдэгдэлд ослыг “Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийн санамсаргүй цохилт”-оос үүдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь анхаарал татлаа.
Осол гарсны дараахан Оросын эрх баригчид шалтгааныг нуухыг оролдсон гэх мэдээлэл гарч, энэ нь Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевын бухимдлыг төрүүлж, хатуу байр суурь илэрхийлэхэд хүргэж байв.
Харин өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Илхам Алиевтай уулзах үеэрээ осолд Оросын пуужин буруутай болохыг анх удаа хүлээн зөвшөөрсөн нь хоёр улсын харилцаанд үүссэн хурцадмал байдлыг тодорхой хэмжээнд намжаасан юм.
Үүний дараа хоёр талын харилцаанд үүссэн хүндрэл, саадыг арилгахаар хамтран ажиллаж эхэлсэн талаар Кремлийн хэвлэлийн алба өмнө нь мэдээлж байжээ.
Ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа одоо ч Казахстан улсад үргэлжилж байгаа аж. Урьдчилсан дүгнэлтэд онгоц “байлдааны цэнэгт хошууны элемент”-д оногдсон гэж дурдсан ч энэ элементийн яг аль эх үүсвэрээс гарсныг тодорхой нэрлээгүй байна.