Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ оны бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж эхэлж буйтай холбогдуулан Зам, тээврийн яамны газрын дарга нарт гадаад томилолтоор явах, чөлөө авахыг түр хугацаагаар хориглосон байна. Уг шийдвэр нь бүтээн байгуулалтын ажлын шуурхай байдал, хяналт шалгалтыг саатуулахгүй байхад чиглэжээ.
Сайдын удирдлага дор болсон өнөөдрийн шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалтын явц, түүний хяналт, зам тээврийн салбарын үр дүн, санхүүжилт, удирдлагын хариуцлагын асуудлыг онцгойлон хэлэлцэв.
Хурлын үеэр онцолсон үүрэг, чиглэлүүд:
- “Гурвансайхан” нисэх буудал: Өмнөговь аймагт байрлах уг буудлын засвар шинэчлэлтийг шуурхай эхлүүлэх, ажлын явц удааширч байгаад анхаарал хандуулж ажиллахыг холбогдох албаныханд даалгав.
- Төмөр замын компаниудын нэгтгэл: “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2024 оны тайланд хяналт шалгалт хийх бөгөөд:
- Санхүүгийн тайлан
- Худалдан авалт
- Гадаад томилолт
- Шагнал урамшуулал
- Шатахууны зардлын хэрэглээ зэрэг чиглэлээр шалгах ажлыг үргэлжлүүлнэ.
- Авто замын хамгаалалт: Хаврын дулааралтай уялдуулан замын даац буурсантай холбоотойгоор задрах боломжгүй хэт жинтэй ачаа тээврийг түр зогсоох, шаардлагатай газруудад газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, хяналтаа сайжруулахыг даалгав.
- Аялал жуулчлалын улиралтай уялдсан агаарын тээвэр:
- Олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх
- Орон нутгийн нислэгийн үнийг бууруулах
- Нислэгийн чиглэл, хүртээмжийг өргөжүүлэх талаар судалгаа хийж, жуулчдыг татах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагад даалгав.
Б.Дэлгэрсайхан сайд “Ажлын бүтээмж, үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй байна” хэмээн шүүмжилж, салбарын бүх шатны удирдлагуудыг хариуцлагаа ухамсарлаж, санаачлагатай, нээлттэй, хурдтай ажиллахыг онцгойлон анхааруулав.