Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев анх удаа Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шавкат Мирзиёев

2025 оны зургадугаар сарын 24-25-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар явагдаж буй бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд онцгой үйл явдал болох юм.

Энэ нь 1992 онд Монгол, Узбекистан хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Узбекистаны төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал болж байна. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Ташкент хотноо хийсэн төрийн айлчлалын хариу арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцохоос гадна бүс нутгийн болон олон улсын чухал асуудлаар ч мөн байр сууриа хуваалцах юм.

Монгол, Узбекистан хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоож байв. Түүнээс хойш хоёр орны харилцаа шат ахисан ч энэ удаагийн төрийн айлчлал харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам болно гэж шинжээчид үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment