УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар 2025 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 48.1 тэрбум төгрөгөөр, зарлагыг 47.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгажээ. Өнгөрсөн оны батлагдсан төсвөөр тус сан 2.5 их наяд төгрөгийн орлого, 2.3 их наядын зарлагатай байхаар тооцоологдож байсан юм.
Төсвийн тодотголтой холбогдуулан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн хүндрэл, хүлээгдэж буй авлагын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлийн чанарт суурилсан санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн ч, тодорхой бэрхшээлүүд тулгарч байна. Эмнэлгүүдийн гүйцэтгэлийг бүрэн санхүүжүүлж чадахгүй байгаагаас зарим нь өрөнд орсон. Ажилчдынхаа цалин хөлсийг тавихад ч хүндрэл үүсээд байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр “Цалингийн асуудлаар Сангийн сайд Б.Жавхлантай тохиролцож, урагшаа татан санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна. Үндсэндээ наадмаас өмнө энэ асуудлыг шийдэхээр төлөвлөж байгаа. Гэвч тогтолцооны алдаа, өр ширийн асуудлыг бүрэн цэгцлэх шаардлага бий” хэмээн нэмж хэллээ.
Түүнчлэн Ж.Чинбүрэн сайд авлагатай байгаа хоёр банкнаас мөнгөө эргэн авах нь нөхцөл байдлыг хөнгөвчлөх чухал алхам болохыг дурдлаа. Тухайлбал:
- Капитал банкнаас нөхөн авах үлдэгдэл: 75.5 тэрбум төгрөг
- Чингис хаан банкнаас нөхөн авах үлдэгдэл: 30 тэрбум төгрөг
- Эдгээрийн нийлбэр 89.7 тэрбум төгрөгийг буцааж авбал, өнөөдрийн өрийг барагдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Ж.Чинбүрэн сайд:
“Чингис хаан банкнаас ₮30 тэрбумаа авчихмаар байна. Бид ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байгаа. Буцааж мөнгөө авах гэтэл үл хөдлөх хөрөнгө оруулж тавьчхаад зарж борлуулагдахгүй асуудалтай байна” хэмээн мэдэгдлээ.