Израилийн арми Дохад байрлах Хамасын удирдагчдын байрлалд агаараас цохилт өглөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Израилийн арми Дохад байрлах Хамасын удирдагчдын байрлалд агаараас цохилт өглөө

Израилийн зэвсэгт хүчин мягмар гарагт Катар улсын нийслэл Доха хотод байрлаж байсан Хамас бүлгийн удирдагчдын байрлалд агаараас довтолжээ.

Цохилтын шалтгаан

  • Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өмнөх өдөр Иерусалимд гарсан аллагын хариуд ийм шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн байна.
  • Батлан хамгаалахын сайд Израил Кац: “Иерусалим болон Газын зурваст гарсан халдлагын дараа Ерөнхий сайд бүх аюулаас хамгаалах байгууллагуудад Хамасын удирдагчдыг онилох бэлтгэл хангах үүрэг өгсөн” гэж мэдэгджээ.

Үр дүн ба мэдээлэл

  • Дохагийн төвд хүчтэй дэлбэрэлт болж, утаа тэнгэрт суунагласан байна.
  • “Аль Арабия” телевизийн мэдээлснээр Хамасын хэлэлцээний ахлагч, Катар дахь өндөр албан тушаалтан Халил аль-Хайяа амиа алдсан гэх боловч Хамас албан ёсоор батлаагүй байна.
  • Аль-Хайяа Израильтай шууд бус хэлэлцээ хийдэг гол хүн байсан бөгөөд ихэнхдээ Катарт оршин суудаг байжээ.

Албан мэдэгдэл ба олон улсын байр суурь

  • Израилийн арми уг ажиллагааг “Галын Оргил” нэртэй цохилт байсан гэж баталсан.
  • Катарын Гадаад хэргийн яам: “Энэхүү ажиллагаа олон улсын бүх хууль дүрмийг бүдүүлгээр зөрчиж, Катарын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг” гэж буруушаав.
  • Хамасын ивээн тэтгэгч Ираны ГХЯ-ны төлөөлөгч Эсмаил Бакай: “Энэ бол маш аюултай гэмт хэрэг бөгөөд олон улсын дүрэм журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл” гэж мэдэгдсэн байна.

Урьдчилсан нөхцөл байдал

  • Наймдугаар сарын 31-нд Израилийн армийн дэслэгч генерал Эял Замир: “Хамасын удирдагчдын ихэнх нь гадаадад байгаа, бид тэднийг онилох болно” гэж мэдэгдэж байв. Уг мэдэгдлээс хойш хоёр долоо хоногийн дараа энэхүү ажиллагаа хэрэгжжээ.
  • Энэ нь 2023 оны аравдугаар сард Газын зурваст дайн эхэлснээс хойш Катар улс гаднын халдлагад өртөж буй хоёр дахь тохиолдол юм.

Хэлэлцээ ба АНУ-ын байр суурь

  • Сүүлийн хоёр жилд Израиль ба Хамас Катар, АНУ, Египетийн зуучлалаар хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийсэн ч зөвхөн хоёр удаа богино хугацаанд гал зогсоосноос өөр ахиц гараагүй.
  • Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хамаст “2023 онд барьцаалагдсан Израилийн иргэдийг суллах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх сүүлчийн анхааруулга” өгсөн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй