Хятадын технологийн аварга Alibaba компанийн ажилтан ажлын хэт ачаалал, компанийн соёлд шүүмжлэлтэй хандсан 100 хуудастай ажлаас гарах өргөдөл бичиж, Хятадын IT салбарт өргөн хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Тэн Иясинь Alibaba-ийн охин компани болох DingTalk-д төслийн менежерээр ажиллаж байв. DingTalk нь ижил нэртэй байгууллагын мессенжер хөгжүүлдэг нэгж юм. Тэрээр тодорхой хугацааны дараа энэ орчинд цааш ажиллах боломжгүй болсон гэж үзэн, ажлаасаа гарахдаа ядаргаа нь зөвхөн хувийн асуудал бус, бүхэл бүтэн салбарын токсик соёлтой холбоотой гэж тайлбарласан байна.
Тэн Иясинь өргөдлөө компанийн дотоод портал дээр нийтэлсэн ч хэн нэгэн хуулж, гадаад интернет орчинд тарааснаар уг баримт салбар даяар шуугиан тарьжээ.
Шөнө дунд хүртэл ажиллахыг хэвийн мэт үздэг байсан гэв
Түүний бичсэнээр, удирдлага өдөр бүр “үдийн дараах тойрог” хийж, ажилтнууд ажиллаж байгаа эсэхийг шалгадаг байжээ. Хэрэв хэн нэгнийг рийлс үзэж байхад нь илрүүлбэл, тухайн хүн олон нийтэд нээлттэй захидал бичиж “гэмшил” илэрхийлэх шаардлагатай болдог байсан гэнэ.
Мөн нэг ажилтныг орой 11 цагт ажлаасаа явсаных нь төлөө зэмлэсэн тохиолдол гарчээ. Удирдлага түүний ажлын ачааллыг харгалзан энэ цагийг “хэт эрт” гэж үзсэн байна. Үүний дараа менежер HR ажилтныг шөнө дунд оффисоор явуулж, хэн ажиллаж үлдсэн, хэн явсныг тэмдэглүүлэхээр илгээсэн гэжээ.
Тэн Иясинь өөрөө зарим хамт олны хамт өглөө хүртэл ажиллах шаардлагатай болж байсан бөгөөд хоёр удаа ажлын ширээнийхээ ард ухаан алдаж унасан тухайгаа дурдсан байна.
DingTalk-ийн ажилтнууд дотоод “нууц нэр” авдаг байсан нь Хятадын олон компанид байдаг практик аж. Түүний удирдлага У Чжао гэх нэр ашигладаг байсан нь Хятадын түүхэн дэх цорын ганц хатан хаан, авторитар засаглалаараа танигдсан У Зэтяньтай холбогддог бол өөр нэг менежер Ю Су гэх эртний вассал улсын нэрээр нэрлэгдсэн байжээ.
Дуулианы дараа Тэн Иясиний хуучин удирдлагыг ажлаас нь чөлөөлж, Alibaba хөдөлмөрийн нөхцөлийн талаар дотоод шалгалт эхлүүлсэн байна.
Энэхүү өргөдөл олон хүнд танил, бодит асуудлыг хөндсөн учраас вирус болсон гэж үзэж байна. Хятадын технологийн салбарт хэт их цагаар ажиллах нь түгээмэл үзэгдэл бөгөөд эдийн засагчид ийм нөхцөлийг “нэйцзюань” гэж тодорхойлдог. Энэ нь ширүүн өрсөлдөөн дунд ажилтнууд улам их хөдөлмөрлөсөн ч бага өгөөж авч, байнгын сэтгэлзүйн дарамтад ордог мухардмал байдлыг илэрхийлдэг ойлголт юм.