ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагддаг сонгодог урлагийн нэр хүндтэй тайз болох Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Монголын залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцож, финалист боллоо.
Тус уралдаан нь дэлхийн олон орны шилдэг залуу дуурийн дуулаачид ур чадвараа сорьдог, хамгийн өндөр шалгууртай, мэргэжлийн томоохон тайз юм.
Дуучин Т.Санжаа уралдааны шигшээ шатанд шалгарч, шилдэг финалистуудын нэг болсноос гадна Эрхүү хотын Филармонийн нэрэмжит тусгай шагнал-ыг хүртэж, мэргэжлийн шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.
“Улам их суралцаж, ур чадвараа хөгжүүлнэ”
Тэрбээр энэхүү баяртай мөчид өөрийн сэтгэгдлээ хуваалцаж, дэмжиж байсан бүх хүмүүстээ талархал илэрхийлэв.
“Ийм хэмжээний уралдааны финалд шалгарч, мэргэжлийн шүүгчид болон сонгодог урлагийн төлөөлөгчдөөс үнэлгээ авсан нь миний хувьд асар их урам зориг, цаашид улам их хичээх хариуцлагыг өглөө. Энэ хугацаанд надад итгэж, үргэлж дэмжиж, урам зориг хайрласан гэр бүл, багш нар, найз нөхөд, Сүлд чуулгын хамт олон, Цагдаагийн ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүн, мөн үргэлж сонсож, дэмждэг та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.”
Мөн тэрбээр цаашид улам их суралцаж, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх замаар Монголынхоо нэрийг олон улсын дуурийн урлагийн тайзнаа өндөрт өргөхийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлсэн юм.