АНУ-д 16 хүүхдийг дөрвөн жилийн турш нэг өрөөнд хорьж байсныг илрүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
АНУ-д 16 хүүхдийг дөрвөн жилийн турш нэг өрөөнд хорьж байсныг илрүүллээ

АНУ-ын Огайо мужийн хөдөөгийн нэгэн тосгонд хүний санаанд багтамгүй аймшигт хэрэг гарч, олон нийтийг цочроолоо. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр, нэгэн гэр бүлийн дөрвөн гишүүн 1.5-аас 18 хүртэлх насны 16 хүүхдийг дөрвөн жилийн турш нэгэн навсгар байшингийн ганц өрөөнд, ариун цэврийн маш дор нөхцөлд хорьж байсныг цагдаагийнхан илрүүлэн аварчээ. Энэхүү жигшүүрт хэргийг “The Guardian” хэвлэл анхлан олон нийтэд мэдээлсэн байна.

Эрүүл мэндийн хүнд нөхцөл байдал

Цагдаагийнхан өөр нэгэн хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд тус байшинд нэгжлэг хийх явцдаа эдгээр хүүхдүүдийг санамсаргүй байдлаар олжээ. Хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдал маш хүнд байгаа бөгөөд албаныхан дараах мэдээллийг өгөв:

  • Хүүхдүүд өтгөн, шингэн ялгадастайгаа хутгалдсан аймшигт орчинд амьдарч байсан бөгөөд зарим нь бүр хүнтэй харилцаж, ярьж чаддаггүй байжээ.
  • Нийт долоон хүүхэд яаралтай эмнэлэгт хүргэгдсэний хоёрыг нь сэтгэцийн болон бие махбодын гүн гэмтэл авсан тул нисдэг тэргээр гэмтлийн төв рүү тээвэрлэсэн байна.
  • Нэг хүүхдийн биеийн байдал нэн хүнд байгаа бөгөөд одоогоор уушги орлуулах хиймэл амьсгалын аппаратын тусламжтайгаар амьдарч байна.

20 жилийн турш төрийн хараанаас нуугдсан гэр бүл

Мөрдөн байцаалтын явцад тус гэр бүл сүүлийн хоёр арваны турш мужийн өмнөд хэсгээр байнга нүүдэллэж, эмнэлгийн түүх, улсын бүртгэл, албан ёсны архиваас зориуд зугтаж байсан нь тогтоогджээ. Хүүхдүүдийн хэн нь ч сургуульд сурч байгаагүй бөгөөд тэдний оршин тогтнож байгааг гэр бүлийнхнээс нь өөр хэн ч мэддэггүй байсан аж.

Одоогийн байдлаар хүүхдүүдийн эцэг эх болон өвөө, эмээ болох Гэри Сайдерс (бага), Гэри Сайдерс (ахмад), Кристина Сайдерс, Элизабет Сайдерс нарыг баривчлаад байна. Тэдэнд хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх үндэслэлээр хоёрдугаар зэргийн хүнд гэмт хэргийн ял төлөвлөжээ. Шүүхээс сэжигтэн бүрд 300 мянган ам.долларын барьцаа тогтоосон бөгөөд албаныхан энэ хэргийг хүн худалдаалах гэмт хэрэг биш, харин гэр бүлийн дотоод хүчирхийлэл гэж үзэж байна. Орон нутгийн засаг захиргаа хүүхдүүдийг түр асрамждаа авахаар ажиллаж эхэлжээ.

АНУ-д 16 хүүхдийг 4 жил хорьсон аймшигт хэрэг илэрлээ
АНУ-д 16 хүүхдийг 4 жил хорьсон аймшигт хэрэг илэрлээ
АНУ-д 16 хүүхдийг 4 жил хорьсон аймшигт хэрэг илэрлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй