Ирантай үүссэн мөргөлдөөний үеэр НАТО-гийн зарим холбоотнууд Вашингтонд цэргийн баазуудаа ашиглуулахаас татгалзсан нь тус холбооны оршин тогтнох утга учрыг эргэлзээтэй болгож байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ. Тэрээр энэ тухай “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
“НАТО-гийн түншүүд эдгээр баазуудыг ашиглахыг маань хориглож байгаа бол — уг нь Америкийн хувьд НАТО-гийн гол давуу тал нь бааз байршуулах эрх байдаг юм — тэгээд Испани зэрэг орнууд үүнийг үгүйсгэж байгаа бол энэ эвслийн утга учир юунд орших вэ? Тэд зөвхөн өөрсдөө хүссэн үедээ л холбоотон байдаг бололтой” хэмээн Рубио шүүмжилжээ.
Түүний хэлснээр АНУ-д НАТО-той холбоотой “хууль ёсны асуултууд” үүсээд байгаа аж. “Хэрэв Ирантай үүссэн шиг мөргөлдөөний үеэр баазуудыг ашиглах эрхийг маань хязгаарлаж байгаа бол бидэнд энэ эвслийн ач холбогдол юу байна вэ? Бид зөвхөн тэднийг хамгаалах гэж тэнд байгаа юм уу, харин өөрсдийн үндэсний эрх ашгаа хамгаалах боломжгүй гэж үү? Бид нийт зардлын гуравны хоёрыг төлж байгааг тооцвол энэ бол зайлшгүй хэлэлцэх ёстой асуудал юм” хэмээн тэрээр нэмж хэлсэн байна.