АНУ-ын жүжигчин К’Орианка Килчер “Аватар” цувралын найруулагч Жэймс Кэмероныг өөрийнх нь дүр төрхийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн буруутгалаа.
“Нью-Йорк Таймс” (The New York Times) сонины мэдээлснээр, Килчер өөрийнх нь хувийн халдашгүй байдал, дүр төрхийг хулгайлсан гэх үндэслэлээр Жэймс Кэмерон болон “Дисней” (Disney) компанийг шүүхэд өгөөд байна. Жүжигчний хэлж буйгаар, уг киноны гол дүр болох Нейтирийн царайг түүний өсвөр насны төрхөөс хуулбарлан бүтээсэн аж.
Тэрээр 2010 онд болсон нэгэн буяны арга хэмжээний үеэр Кэмерон түүнд хандаж, Нейтирийн дүрийг бүтээхэд тэр хамгийн анхны “онгод” нь болсон гэж хэлж байсныг нэхэмжлэлдээ дурджээ. Тухайн үед жүжигчин бүсгүй энэхүү үгийг түүний дүр төрхийг шууд хуулбарласан гэсэн утгатай болохыг анзаараагүй гэнэ.
Мөн нэхэмжлэлд найруулагчийн 2024 онд Францын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагыг эх сурвалж болгон дурдсан байна. Тус ярилцлагадаа Кэмерон жүжигчин бүсгүйн нэрийг дурдаад, Нейтирийн “нүүрний доод хэсэг түүнийхтэй ижил” гэж ярьжээ.
“Хиймэл оюун ухааны эрин үед бидний хувийн орон зай, дүр төрх аюулгүй байхаа больсон. Надад тохиолдсон энэ явдал нь хувь хүний асуудал мэт боловч, хэрэв бид одоо арга хэмжээ авахгүй бол ийм тохиолдлууд хэвийн үзэгдэл болно гэдгийг харуулсан хатуу сануулга юм” гэж жүжигчин бүсгүй байр сууриа илэрхийлэв.