Т.Ариунаа амьдралын сайн, муу өдрүүдийг даван туулахын чухлыг сануулжээ

0 comments 2 үзэлт

Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Т.Ариунаа цахим хуудсаараа дамжуулан амьдралын үнэ цэн, эрүүл мэнд, зөв амьдрахын ач холбогдлын талаар өөрийн бодлоо хуваалцжээ. Тэрбээр хүний амьдралд амжилт, бэрхшээл ээлжилдэг ч ямар ч нөхцөлд зөв замаар явж, эрүүл мэндээ хамгаалах нь хамгийн чухал гэсэн утгатай нийтлэл оруулсан байна.

Дуучин Т.Ариунаа цахим хуудастаа:

“Чи зөв яв. Үр удам чинь талархана. Чи эрүүл бай. Эцэг эх чинь тайван хононо. Амьдрал л юм болохоор сайн муу өдрүүд, мөнгөтэй мөнгөгүй байх, ядруу тэнхлүүн явах, олонд адлагдах алдарших гээд юм юм л үзнэ. Гол нь тэр дунд чи зөв яв, эрүүл бай. Бусад нь бүгд болдог хорвоо” хэмээн бичжээ.

Түүний нийтлэлд эд хөрөнгө, алдар нэр, амьдралын түр зуурын бэрхшээлээс илүүтэй хүний зөв хандлага, эрүүл мэнд, гэр бүлийн амар тайван байдлыг эрхэмлэх тухай санаа илэрхийлэгдсэн байна.

Урлагийн тайзнаа 40 жил ажилласнаа “Зүрх асна” тоглолтоор тэмдэглэсэн

Монголын орчин үеийн дуу хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч Т.Ариунаа 2025 онд уран бүтээлийн 40 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Тэрбээр энэхүү ойдоо зориулан “Зүрх асна” супер шоу тоглолтоо Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж, олон мянган үзэгч, шүтэн бишрэгчтэйгээ уулзсан юм.

Т.Ариунаа: Чи зөв яв, эрүүл бай. Бусад нь бүгд болдог

Мөн тус тоглолтоо Дархан хотод толилуулж, уран бүтээлийн ойн баяраа орон нутгийн сонсогчидтойгоо хуваалцжээ. Ардын жүжигчин Т.Ариунаа энэ онд ч уран бүтээлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, бие даасан болон хамтарсан тоглолтуудад оролцсон байна.

Тухайлбал, 2026 оны гуравдугаар сарын 8-нд тохиосон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “International Women’s Day” нэртэй тусгай тоглолтоо үзэгчдэд хүргэжээ.

Түүнчлэн “АРА” фестиваль, “Тайга” хөгжмийн фестивальд оролцож, өөрийн уран бүтээлүүдийг толилуулсан байна. Мөн зөвхөн эмэгтэй уран бүтээлчид нэгдэн, нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн “Feminine” хамтарсан тоглолтод оролцсон юм.

Т.Ариунаа уран бүтээлийн 40 жилийн ойгоо тэмдэглэсний дараа ч тоглолт, фестивалиудад идэвхтэй оролцож байна. Харин энэ удаа тэрбээр шинэ бүтээл, тоглолтын тухай бус, амьдралын ямар ч үед зөв амьдарч, эрүүл мэндээ эрхэмлэхийн чухлыг цахим хуудсаараа дамжуулан онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй