Балигийн Бебаю эргийн ойролцоох ус гэнэт тод ягаан өнгөтэй болж, аммиак болон хүхрийн хурц үнэр үнэртэж эхэлжээ. Bali Post-ийн мэдээлснээр, энэхүү ер бусын үзэгдэл нутгийн иргэд болон байгаль орчны мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байна.
Хачирхалтай өөрчлөлт Карангасем тойргийн Лабасари тосгонд ажиглагджээ. Далайн эргээс холгүй орших хуучин голын гольдролын тогтоол ус ягаан болсон бөгөөд далайн түрлэгийн үеэр тэнд далайн ус орж ирдэг байна.
Урьдчилсан байдлаар бичил замагтай холбоотой гэж үзэж байна
Нутгийн иргэд усны өнгө өөрчлөгдсөнийг анх 11-р сарын 12-нд анзаарч, удалгүй зургууд нь олон нийтийн сүлжээнд тархжээ. Газар дээр нь очсон байгаль орчны албаны мэргэжилтнүүд ус тод ягаан өнгөтэй болж, таагүй үнэр гарч байгааг баталсан байна.
Урьдчилсан таамгаар органик бодисын задрал, усны тогтонги байдалтай холбоотойгоор бичил замаг олноор үржсэн нь өнгө өөрчлөгдөхөд нөлөөлсөн байж болзошгүй аж. Гэхдээ лабораторийн шинжилгээний хариу гараагүй байгаа тул яг шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.
Сам хорхойн аж ахуйн бохир ус нөлөөлсөн байж магадгүй
Ер бусын өнгөтэй болсон усны ойролцоо сам хорхойн аж ахуйнууд байрладаг байна. Байгаль орчны мэргэжилтнүүд шим тэжээлийн бодис агуулсан бохир ус бичил биетний өсөлтөд нөлөөлсөн байх боломжийг үгүйсгээгүй байна.
Шалтгааныг тогтоохын тулд мэргэжилтнүүд гурван цэгээс усны дээж авчээ. Нэг дээжийг ягаан болсон хэсгээс, үлдсэн хоёрыг урсгалын дээд талын хоёр цэгээс авсан бөгөөд лабораторийн хариу гарах хүртэл нутгийн иргэдэд уг усыг ахуйн хэрэгцээ болон ургамал услахад ашиглахгүй байхыг зөвлөсөн байна.
Лабасари тосгоны захирагч И Геде Гериягийн хэлснээр, сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд энэ хэсгийн ус дор хаяж гурван удаа ягаан өнгөтэй болж байжээ. Сонирхолтой нь, ийм тохиолдлууд ойролцоох сам хорхойн аж ахуйнууд байгуулагдахаас өмнө ч гарч байсан байна.
