Английн хөлбөмбөгчин, бизнес эрхлэгч Дэвид Бекхэмийн байгуулсан DB Ventures компани Германы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Coty компанийн эсрэг Нью-Йоркийн Дээд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. ABC News-ийн мэдээлснээр, нэхэмжлэгч тал лицензийн гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр дор хаяж 41 сая ам.долларын нөхөн төлбөр шаардаж байна.
Coty нь Beckham брэндийн нэрээр үнэртэн болон ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түгээдэг бөгөөд Classic, Instinct цуврал, мөн Intimately болон Exquisite Leather сүрчиг тэдгээрийн дунд багтдаг. Нэхэмжлэлд эдгээр бүтээгдэхүүний борлуулалт, түгээлтийн арга нь брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж DB Ventures үзжээ.
Хямдралын дэлгүүр, шатахуун түгээх станцаас бүтээгдэхүүн илэрсэн гэжээ
Нэхэмжлэлд “Дэвид Бекхэмийн дэлхийд алдартай брэнд нь төгс байдал, боловсронгуй хэв маягийн илэрхийлэл” бөгөөд түүний бүтээгдэхүүнүүд “өдөр тутмын тансаг хэрэглээний бэлгэ тэмдэг” гэж тодорхойлсон байна. Гэвч DB Ventures-ийн мэдээлснээр, Бекхэмийн нэртэй сүрчиг, үнэртэй уснууд хямдралын дэлгүүр болон шатахуун түгээх станцуудад худалдаалагдаж байжээ.
Тухайлбал, Beckham логотой бүтээгдэхүүн шатахуун түгээх станцын хямдарсан барааны тавиур болон Их Британийн хямд үнэтэй барааны сүлжээ Poundland-д худалдаалагдаж байсан гэж шүүхийн баримтад дурдсан байна. Нэхэмжлэгч талын үзэж буйгаар, үүний улмаас Бекхэмийн үнэртнүүдийг хэт хямд үнээр борлуулж, David Beckham брэндийг “хямд, урамшуулалтай бараа”-тай холбон ойлгох нөхцөл бүрджээ.
Coty нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсжээ
Coty энэ оны 4-р сард гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлт шүүхэд гаргасан байна. Тус компани Нью-Йоркийн шүүхүүд энэ маргааныг шийдвэрлэх харьяалалгүй гэж үзэж байгаа бөгөөд DB Ventures лицензийн гэрээнээс “хугацаанаас нь өмнө гарах”, Beckham брэндтэй холбоотой гэрээнүүдийг өөр компани болох Interparfums-д шилжүүлэх зорилгоор нэхэмжлэл ашиглаж байна гэж мэдэгджээ.
2026 оны эхээр Sunday Times сонины гаргасан чансаагаар Дэвид Бекхэм болон түүний эхнэр, дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм нарын нийт хөрөнгийг бараг 1.2 тэрбум фунт стерлинг буюу ойролцоогоор 1.58 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байна. Тэдний хөрөнгийн хэмжээ энэ маргааны мөнгөн дүнгээс хэд дахин өндөр байгаа ч нэхэмжлэл нь брэндийн үнэ цэнэ, лицензийн нөхцөлтэй холбоотой асуудалд төвлөрчээ.
