Вьетнамын Дананг хотын цагдаа нар бараг долоон жилийн турш барилгын талбайн орхигдсон бохирын хоолойд нуугдан амьдарсан 31 настай эрийг гэрт нь буцаажээ. Энэ тухай vietnam.vn мэдээлсэн байна.
Тэр 2017 онд сурахын зэрэгцээ гэр бүлдээ мөнгө олохын тулд Япон руу явжээ. Ар гэрийнхэн нь түүний сургалтын төлбөрт бараг бүх хадгаламжаа зарцуулж, дараа нь зээл хүртэл авсан ч залуу сургуулиа төгсөж чадаагүй байна.
Гэртээ харихаас санаа зовжээ
Санхүүгийн дарамт болон сургуулиа төгсөж чадаагүйдээ өөрийгөө буруутгасны улмаас тэр гэртээ харихаас эмээжээ. 2019 онд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барихаа бүрэн зогсоосон байна.
Тэр цагаас хойш Хошимин болон Дананг хотын гудамжаар тэнүүчилж, эзгүй газрууд дахь хоолойд хоноглодог байжээ. Цагдаагийн ажилтнууд түүнийг өргөн ус зайлуулах хоолойд байхад нь олж, хэлтэст хүргэсэн байна.
Цагдаа нар ар гэрийнхэнд нь мэдэгджээ
Шалгалтаар тэр Вьетнамын хойд нутгийн Ниньбинь мужаас гаралтай болох нь тогтоогджээ. Хууль сахиулагчид түүнийг олсноо ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна.
Мөн цагдаа нар түүнд цэвэр хувцас болон гэртээ харихад шаардлагатай бусад зүйлсийг бэлдэхэд тусалжээ. Хожим нь тэр цагдаагийн хэлтэст талархлын захидал илгээсэн байна.
