Бамбай булчирхайн зангилааг лазераар эмчлэх шинэ технологи Монголд нэвтэрлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол Улсад анх удаа бамбай булчирхайн лазер аблаци эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг бамбай булчирхайн зангилааг мэс заслын бус, бага гэмтэлтэй аргаар эмчлэх шинэ технологийг Монгол Улсад анх удаа амжилттай хэрэгжүүллээ. Тус эмнэлгийн Дотоод шүүрлийн мэс заслын баг хамт олон лазер аблаци (Laser Ablation) эмчилгээг нэвтрүүлж, анхны тохиолдлыг амжилттай хийсэн байна.

Лазер аблаци нь хэт авиан оношилгооны хяналтын дор нарийн ширхэгтэй зүү ашиглан лазерын энергийг бамбай булчирхайн зангилаанд хүргэдэг эмчилгээний арга юм. Ингэснээр эмгэг эдийг дулааны үйлчлэлээр агшааж, зангилааны хэмжээг багасгах боломжтой байдаг.

Энэхүү технологийн гол давуу тал нь:

  • хамгийн бага инвазив аргаар хийгддэг;
  • эрүүл эдийг аль болох хадгалдаг;
  • зөвхөн эмгэг эдэд чиглэн үйлчилдэг;
  • олон улсын эмнэлзүйн практикт өргөн хэрэглэгддэг.

Уг арга нь уламжлалт мэс засалтай харьцуулахад өвчтөнд учрах зовиур, эдийн гэмтлийг багасгах боломжтойгоороо онцлог. Мөн хэт авиан хяналтын дор хийгддэг тул эмчилгээний нарийвчлал өндөр бөгөөд бамбай булчирхайн зангилаатай өвчтөнүүдэд орчин үеийн шинэ сонголт болж байна.

Ийнхүү Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотоод шүүрлийн мэс заслын баг Монгол Улсад бамбай булчирхайн лазер аблаци эмчилгээг анх удаа амжилттай нэвтрүүллээ. Энэ нь дотоодын эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологийн түвшинг ахиулсан чухал алхам болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй