Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэн баталжээ. Шинэчилсэн жагсаалтаар насанд хүрэгчдийн болон хүүхдийн эмчилгээнд хэрэглэх зарим эмийг хасаж, эмчилгээний үр нөлөө нь нотлогдсон шинэ нэр төрлийн эмүүдийг нэмж оруулсан байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар уг жагсаалтыг хоёр жил тутам шинэчлэн баталдаг.
Жагсаалтад ямар өөрчлөлт оров
Насанд хүрэгчдийн эмийн жагсаалт:
- Шинээр нэмсэн – 44 нэрийн эм
- Жагсаалтаас хассан – 85 нэрийн эм
- Шинэчилсэн жагсаалтад багтсан – 546 нэрийн эм
Хүүхдийн эмийн жагсаалт:
- Шинээр нэмсэн – 22 нэрийн эм
- Жагсаалтаас хассан – 30 нэрийн эм
- Шинэчилсэн жагсаалтад багтсан – 238 нэрийн эм
Эмийг 17 шалгуураар үнэлж сонгожээ
Жагсаалтыг боловсруулахдаа эмчилгээний үр нөлөө нь шинжлэх ухааны нотолгоогоор батлагдсан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй хэрэгцээтэй эмийг сонгоход түлхүү анхаарсан байна.
Үнэлгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 31.3-т заасан есөн зарчим, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Зайлшгүй шаардлагатай эмийн жишиг жагсаалт”, олон улсын болон үндэсний эмнэлзүйн заавар зэрэг эх сурвалжид тулгуурлан боловсруулсан 17 шалгуураар хийжээ.
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэхийн ач холбогдол нь эмийн нэр төрлийг нэмэх, хасах төдийд бус, нотолгоонд суурилсан эмчилгээг төлөвшүүлэхэд оршдог. Цаашид жагсаалтад багтсан эмийн хүртээмж, хангамжийг тогтвортой байлгах нь шинэчлэлийн бодит үр дүнг тодорхойлох чухал хүчин зүйл юм.
