Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, явган зорчигчдыг эрсдэлээс хамгаалах зорилгоор боловсруулсан шинэ зохицуулалтууд өнөөдрөөс буюу 2026.07.01-ний өдрөөс эхлэн албан ёсоор хүчин төгөлдөр боллоо. УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын нэр бүхий есөн гишүүнээс 2025 оны долоодугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлж байсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламентын чуулганаар эцэслэн баталсан нь ийнхүү хэрэгжиж эхэлж байна. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр цахилгаан дугуй буюу сурроныг зөвхөн 18 нас хүрсэн, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болж байгаа юм. Мөн скүүтэр болон мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрчээ.
Явган хүний зам хаахыг хориглов: Шинэ журмын гол зохицуулалтууд
Шинэчилсэн хуулиар цахилгаан скүүтэр, суррон, мопедуудыг явган хүний замаар зорчуулахгүй бөгөөд явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох хариуцлага хүлээлгэнэ. Мөн эдгээр тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд заавал бүртгүүлэх шаардлагатай бөгөөд нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх учиртай. Үүнээс гадна скүүтэр, мопедыг зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгох журам үйлчлэх юм.
Дүрэм зөрчигчдөд хүлээлгэх санхүүгийн хариуцлага, торгуулиуд
Хуулийг дагалдан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдэд тодорхой мөнгөн торгуулиудыг ногдуулахаар заасан байна. Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоодсон эсвэл явган хүний эрх ашгийг зөрчсөн үйлдэл бүрд хуулийн хариуцлага хүлээлгэх заалтуудыг дараах байдлаар тусгажээ:
- Мопед, скүүтерийг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Мопед, скүүтерийн жолооч явган хүний зам дээр 10 км/цагаас дээш хурдтай явсан, эсхүл явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Мопед, скүүтерийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ жолоодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Мопед, скүүтерийн жолооч бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Мопед, скүүтерийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон арван найман нас хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.