Зургаан настай мопс үүлдрийн Жинни Лу нэртэй нохойг дэлхийн хамгийн “царай муутай” нохойгоор шалгаруулжээ. Энэ тухай The New York Times мэдээлсэн байна.
Нохойн өвөрмөц төрхийг шалгаруулдаг 50 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Санта-Роза хотод болсон бөгөөд Жинни Лу дөрөв дэх оролдлогоороо тэргүүн байр эзэлжээ.
Жинни Лу дөрөв дэх оролдлогоороо түрүүлэв
Зохион байгуулагчдын хэлснээр, Жинни Лугийн хэл үргэлж унжсан байдаг. Мөн тэр бусдын хоолны саванд хэлээ дүрэх дуртай гэнэ. Үүнээс гадна гал тогооны сандал дээр авирч, толинд харагдах өөрийн тусгал руу хуцдаг зуршилтай аж.
Шүүгчид Жинни Луг зөвхөн гадаад төрхөөр нь бус, мөн түүний түүхийг харгалзан сонгосон байна. Нохойг Өмнөд Солонгосын ууланд хүйтэн жавартай өдөр модон хайрцагнаас олжээ.
Ялагч 5,000 ам.долларын шагнал авчээ
Жинни Лу эзэддээ 5,000 ам.долларын шагнал, цом болон Нью-Йорк руу аялах эрх авчирсан байна. Тэнд тэр NBC сувгийн Today шоунд шууд оролцохоор болжээ.
Мөн Жинни Лугийн нүүр царай тэмцээний ивээн тэтгэгчдийн хязгаарлагдмал цуврал шар айрагны лаазан дээр гарах аж.
Хоёрдугаар байрт ягаан хамартай, чихуахуатай холимог альбинос померан шпиц Пинки орсон бол гуравдугаар байрт тагнай сэтэрхийтэй чихуахуагийн эрлийз Отто шалгарчээ.