Америкийн “Mattel” компани нэрт жүжигчин Мэрилин Монрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний дүртэй Барби хүүхэлдэй гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ.
Алдарт дэлгэцийн бүтээлээс сэдэвлэсэн загвар
Шинэхэн хүүхэлдэйн загварыг “Жентльменүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай” киноны алдарт хувцаслалтаас сэдэвлэн бүтээжээ. Энэхүү алдартай хэсэгт жүжигчин бүсгүй “Очир эрдэнэ бол охидын хамгийн сайн найз” (Diamonds Are a Girl’s Best Friend) дууг дуулдаг бөгөөд ардаа том эрвээхий зангилаатай, тод ягаан өнгийн даашинз өмсөж, очир эрдэнийн зүүлт зүүсэн байдаг.
“Mattel” компанийн цахим хуудсанд “Даашинзтайгаа ижил өнгийн дэгжин бээлий болон гялалзах ‘очир эрдэнэ’ бүхий энэхүү Барби нь мөнхөд гэрэлтэх домогт жүжигчинд хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Үнэ болон өмнөх цувралууд
Шинэ хүүхэлдэй 81 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна. Энэ нь Мэрилин Монрогоос сэдэвлэн бүтээсэн анхны Барби биш юм. 1997-2002 онуудад “Mattel” компани “Долоо дахь жилийн загатнаа”, “Саятантай хэрхэн гэрлэх вэ”, мөн “Хунтайж ба бүжигчин” зэрэг киноны дүрүүдээс нь сэдэвлэсэн Барби хүүхэлдэйнүүдийг гаргаж байв.
Мэрилин Монро 1962 онд 36 насандаа таалал төгссөн билээ. Сэтгэцийн эмч нарын баг түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт байх магадлалтай гэж үзсэн бөгөөд хожим үүнийг Лос-Анжелесийн прокурорын газар баталгаажуулсан юм. Тус байгууллагаас түүний үхэлд гадны нөлөөтэй шинж тэмдэг огт илрээгүйг тодотгож байв.