Энэтхэгийн Баруун Бенгал мужийн Муршидабад хотын 16 настай Икбал Шейх сүүлийн таван жилийн турш ихэнх цагаа цөөрөмд өнгөрүүлж байна. Түүний арьсанд хүчтэй хорсож, шатаж буй мэт өвдөлт мэдрэгддэг бөгөөд сэрүүн ус л энэ зовуурыг нь намдаадаг гэж LADbible мэдээлжээ.
Хүүгийн өвчний шалтгааныг эмч нар хэдэн жилийн турш тогтоож чадаагүй байна. Гэр бүлийнхэн нь эмнэлэг болон уламжлалт эмчилгээний хүмүүст хандсан ч мэдэгдэхүйц сайжрал гараагүй аж.
Анант Амбани туслахаар болжээ
Икбалын түүх сошиал сүлжээнд тарсны дараа Энэтхэгийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Анант Амбани түүнд анхаарал хандуулсан байна. Тэрээр хүүгийн өвчнийг оношлуулахын тулд Икбалыг Мумбай руу явуулах ажлыг зохион байгуулжээ.
Зарим эмч нар Икбалд эритромелалги гэх ховор өвчин байж болзошгүй гэж таамаглаж байна. Энэ өвчин нь арьс хорсох, улайх, халуун оргих мэдрэмж үүсгэдэг аж. Гэхдээ хүүд одоогоор эцсийн онош тавиагүй байна.
Мумбайд нарийвчилсан үзлэг хийнэ
Мумбай дахь эмч нар Икбалд нарийвчилсан шинжилгээ хийж, өвчний шалтгааныг тодруулахыг оролдох юм. Мөн тэд эмчилгээний төлөвлөгөө эсвэл шинж тэмдгийг хянах арга зам боловсруулахыг зорьж байна.
Икбалын гэр бүлийн хувьд энэ аялал олон жилийн турш үргэлжилсэн өвдөлт, тодорхойгүй байдлын дараа найдвар төрүүлж буй боломж болж байна.