Доналд Трампын БНХАУ-д хийх айлчлалд бизнесийн томоохон төлөөлөгчид оролцоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп Си Цзиньпин

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийхээр болсныг тус улсын Гадаад хэргийн яамнаас албан ёсоор зарлалаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар хэрэгжиж буй уг айлчлал нь Д.Трампын хувьд 2017 оноос хойш тус улсад хөл тавьж буй дараагийн тохиолдол болж байна. Цагаан ордны Эдийн засгийн үндэсний зөвлөлийн тэргүүн Кэвин Хассетын мэдээлснээр, энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Америкийн бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд багтжээ.

Хоёр гүрний харилцаанд эдийн засаг, худалдаа, Тайванийн асуудал болон цэргийн хамтын ажиллагаа зэрэг олон талт зөрчилдөөнтэй сэдвүүд байсаар байна. Фүдан их сургуулийн профессор Жао Миньхаогийн үзэж байгаагаар, талууд Тегеран болон Тайванийн асуудлаар голчлон хэлэлцээ хийх төлөвтэй байгаа аж. Ирэх арваннэгдүгээр сард болох дунд хугацааны сонгуулийн өмнө эдийн засгийн бодит үр дүн гаргахыг зорьж буй Трампын засаг захиргаа дараах томоохон компаниудын удирдлагуудыг айлчлалын багтаа багтаажээ:

  • Технологийн салбар: Nvidia, Apple
  • Эрчим хүч болон санхүү: Exxon, Citigroup
  • Агаарын тээвэр: Boeing

Бээжингийн зүгээс худалдааны “дайныг” намжааж, экспортын хяналтыг зөөлрүүлэх замаар АНУ-ын технологийн зах зээлд нэвтрэх сонирхолтой байгаа юм. Үүний хариуд Хятадын тал Америкийн эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт хийх амлалт өгөхөд бэлэн байна. Тухайлбал, Хятад улс “Boeing” компаниас 737 Max загварын 500 онгоц худалдан авах хэлэлцээг эцэслэн шийдвэрлэж магадгүй байгаа нь 2017 оноос хойших хамгийн том захиалга болох юм.

Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт Вашингтон жилд 25 сая тонн эрдэнэшишийг гурван жилийн хугацаатай нийлүүлэх, мөн махан бүтээгдэхүүн болон эрчим хүчний түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх саналтай байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар Хятад улс өөрийн гол давуу тал болох газрын ховор металлыг зөвхөн иргэний зориулалтаар ашиглах нөхцөлтэйгээр урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ байгуулах “хөзөр” гаргаж ирж магадгүй юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй