Индонезийн эрэг орчимд 70 хүнтэй зорчигч тээврийн хөлөг живжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сулавеси

Индонезийн эрэг орчимд зорчигч тээврийн хөлөг живсний улмаас нэг хүн амиа алдаж, 23 хүн сураггүй болсон байна. Осол 7-р сарын 16-ны пүрэв гарагт болжээ.

Хөлөг Жампеа арлын боомтоос гарч, Өмнөд Сулавеси мужийн Селаяр арлуудыг чиглэн явж байсан аж. Тухайн үед онгоцонд нийт 70 зорчигч болон багийн гишүүд байжээ.

Мэдээлэлд дурдсанаар, ослоос нэг өдрийн өмнө хөлгийн хөдөлгүүр ажиллагаагүй болсон тухай дохио ирсэн байна. Үүний дараа хөлөг зорьсон боомтоос ойролцоогоор 79 км-ийн зайд живж эхэлжээ.

Эрэн хайх ажиллагаанд цаг агаар саад болжээ

Макассарын эрэн хайх, аврах албаны даргын мэдээлснээр, аврагчид 46 хүнийг амьд олж чадсан байна. Харин дараа нь 23 хүн сураггүй хэвээр байгаа нь тодорхой болжээ.

Эрэн хайх ажиллагаанд аврагчид, Индонезийн Үндэсний зэвсэгт хүчний алба хаагчид, цагдаа болон орон нутгийн иргэд оролцсон байна. Гэвч цаг агаарын таагүй нөхцөл ажиллагааг хүндрүүлжээ.

Одоогоор сураггүй болсон хүмүүсийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ослын шалтгааныг хөдөлгүүрийн гэмтэлтэй холбон шалгаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй