Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид амьдардаг алдартай блогер Рачна Гурджар гэртээ дээрэмдүүлсэн талаар Oddity Central мэдээлжээ. Тэрээр нийгмийн сүлжээнд үнэт эдлэл, их хэмжээний бэлэн мөнгө болон гэрийнхээ дотоод орчныг байнга харуулдаг байсан нь хэрэгтэй холбоотой байж магадгүй гэж цагдаа нар үзэж байна.
Гурджарын хэлснээр, хэрэг шөнө дунд болсон байна. Үл мэдэгдэх хүмүүс хашааны хамгаалалтыг зүсэж, байшингийн нутаг дэвсгэрт нэвтэрсний дараа блогер болон түүний гэр бүлийн унтаж байсан өрөөний хаалгыг гаднаас нь түгжжээ.
Өглөөний дөрвөн цагийн орчимд Гурджар нөхрийн хамт өрөөнөөсөө гарч чадахгүй байгаагаа мэдсэн байна. Тэд хаалгаа онгойлгох гэж оролдсон ч бүтэлгүйтсэн тул ойролцоо амьдардаг төрөл садандаа утасдаж, тусламж дууджээ.
Хохирлыг 10 мянган доллараар үнэлжээ
Гэр бүлийнхэн өрөөнөөс гарсны дараа байшиндаа үзлэг хийхэд хулгайн ул мөр илэрсэн байна. Гурджарын мэдээлснээр, дээрэмчид алт, мөнгөн үнэт эдлэл, бэлэн мөнгө болон бусад үнэ бүхий эд зүйлсийг авч явжээ. Тэрээр нийт хохирлоо ойролцоогоор 10 мянган ам.доллароор үнэлсэн байна.
Мөн гэмт этгээдүүд дүрс бичлэгт нүүрээ үлдээхгүйн тулд хяналтын камерын чиглэлийг өөрчилсөн байж болзошгүй. Үүнийг урт саваа ашиглан хийсэн гэж таамаглаж байна.
Цагдаа нар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд блогерын цахим орчин дахь идэвх, ялангуяа үнэт зүйлсээ олон нийтэд харуулсан бичлэгүүд дээрэмчдийн анхаарлыг татсан эсэхийг шалгаж байна.
Хэрэг гарахаас өмнө Рачна Гурджар гэр дотроо авсан бичлэгүүд нийтэлж, дагагчдадаа үнэт эдлэл болон боодолтой мөнгө харуулж байжээ. Энэ явдал хувийн хөрөнгө, гэрийн орчин, байршилтай холбоотой мэдээллийг цахим орчинд ил гаргах нь аюул дагуулж болохыг дахин сануулж байна.